Хориотой бодисуудын зөвшөөрөгдөх хэмжээг WADA хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-12-03 18:22:47

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /РИА НОВОСТИ/. Хүний биемахбодид нэвтэрсэн хориотой бодисуудын зөвшөөрөгдөх хамгийн доод хэмжээний босгыг тогтоох нь зүйтэй эсэх талаар ажил хэргийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ шийдвэрлэжээ. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий захирал Оливье мэдэгдсэнийг La Gazzetta dello Sport сонин уламжиллаа.


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Теннисний спорт дахь сөрөг үзэгдэлтэй тэмцэх байгууллагаас /ITIA/ гаргасан мэдэгдэлд дурдсанаар, дэлхийн хоёр номерын эмэгтэй теннисчин Швёнтек энэ оны 8 дугаар сард сэргээшийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч, түүнээс авсан сорилд маш бага хэмжээний триметазидин илэрсэн байна. Энэхүү бодис нь нойроо сайжруулахын тулд уусан мелатонин гэдэг эмнээс санамсаргүй байдлаар түүний биед нэвтэрч орсон гэдгийг теннисчин бүсгүй баталж чаджээ. Ингээд түүнийг эрхийг нэг сараар хассан бөгөөд маргааш буюу 4-ний өдөр эрх нь сэргэх юм.


Тамирчны биемахбодь хориотой бодисуудаар бохирдсон гэх асуудал өнөөдөр үүсээд байна. Гэхдээ ийм тохиолдлын тоо өмнөхөөс нэмэгдсэн гэж хэлж болохгүй, учир нь лабораториуд өчүүхэн бага хэмжээний бодисуудыг ч илрүүлж чаддаг болсон” гэж Ниггли хэллээ.


“Эдгээр бодисын хэмжээ маш өчүүхэн учраас тухайн хүн санаандгүй байдлаар халдвар авах магадлалтай. Ийм тохиолдлуудын талаар бид олонтоо сонсож байгаа, тэгэхээр бүх хүн сэргээш хэрэглэдэг гэсэн бодол олон нийтэд төрж болзошгүй. Хэрвээ бид босго хэмжээг тогтоох аваас ийм тохиолдлууд цаашид гарахгүй. Үүнийг тогтооход бид бэлэн үү гэдгийг мэдэхийн тулд ажил хэрэгч хэлэлцүүлэг хийх гэж байгаа юм” гэж ВАДА-гийн тэргүүн тайлбарлав.   


Сануулан дурдахад, энэ оны 3 дугаар сард дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнерээс авсан сэргээшийн шинжилгээний дээжинд хоёр удаа клостебол гэдэг бодис илэрсэн билээ. Шинжилгээний хариу эерэг гарах бүрт ITIA-гээс түүний эрхийг түр хугацаанд хасаж байсан бол Синнер эдгээр шийдвэрийг хүчингүй болгуулжээ. 10 дугаар сард Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас /ВАДА/ Синнерийг тэмцээнд оролцуулахыг зөвшөөрсөн ITIA-гийн шийдвэрийг давж заалдсан өргөдөл ирүүлснийг Спортын арбитрын шүүх хүлээн авсан байна. ВАДА-гийн хувьд, Синнерийн эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасахыг шаардаж байгаа юм. 

Холбоотой мэдээ