“Засгийн газрын 100 – Сүхбаатар аймаг 80” сэдэвт өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын Засгийн газрын 100 хоног энэ сарын 16, 17-ны өдрүүдэд тохиосон. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр ажлаа хүлээж авснаас хойш 80 хоног өнгөрч байна. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар “Засгийн газрын 100 – Сүхбаатар аймаг 80” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажил, аймгийн нийгэм эдийн засгийн байдал, томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдсэн ажлын талаар илтгэл тавилаа.
Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймагт Хөлбөмбөгийн талбай, Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори, Түмэнцогт суманд 320 хүүхдийн сургууль, Улсын чанартай автозамын төлбөр хураах цэг зэрэг шинэ бүтээн байгуулалт ашиглалтад орж, автозамын ажил, цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, төвлөрсөн халаалтын шугамын өргөтгөл зэрэг дэд бүтцийн ажлууд хийгдсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд төв суурин болон хөдөө орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хэсэг байгуулагдан малын угаалга, ариутгал халдваргүйтгэл, вакцинжуулалт, хадлан, өвс тэжээлийн фонд бүрдүүлэлт, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Ганга нуур болон ойр орчмын булаг шандыг хашиж хамгаалах, намрын мод тарилт нөхөн сэргээлт зэрэг байгаль орчноо хамгаалах зэрэг олон ажлыг зохион байгуулсан байна хэмээн засаг даргын орлогч Т. Амарбаатар хэллээ.
Засгийн газар эмхлэн байгуулагдсан 100 хоногийн тохиолдуулан Төрийн байгууллагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, нийт 27 агентлаг, албад оролцон 100 хоногийн хугацаанд хийгдсэн ажлын тайлан, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэлээ. Мөн Онцгой байдлын газар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагчид” тэмцээнийг зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчиллаа. Тэмцээнд Баруун-Урт сумын дөрвөн сургуулийн сурагчид оролцон өрсөлдөж, 4-р БДС тэргүүн байр эзэлсэн байна.
Т. Одончимэг