Эртний Помпей хотын таван оршин суугчийн гарал үүсэл, хүйсийг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /TASS/. Европ, Америкийн палеогенетикийн судлаачид Везуви галт уул дэлбэрэх үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын балгасан дотроос олдсон таван хүний цогцсны үлдэгдлээс ДНХ-ийн хэсгийг гарган авч чаджээ. Улмаар генийн шинжилгээг хийснээр эдгээр эртний оршин суугчдын хоорондох ураг төрөл, нийгмийн харилцааны талаарх археологичдын дэвшүүлсэн таамаглалыг үгүйсгэхэд хүрсэн байна.
“Бидний хийсэн генийн шинжилгээ эдгээр цогцостой холбоотой археологичдын тайлбарт эргэлзэхэд хүргэсэн. Жишээлбэл, "Эх, хүүхэд" гэж таамаглаж буй хүмүүс нь үнэндээ хоорондоо ямар ч холбоогүй эрэгтэй хүн болон эрэгтэй хүүхэд байсан бол бие биенээ тэврэн амиа алдсан "хоёр эгч дүүсийн" нэг нь эрэгтэй хүн байсныг тогтоосон" гэж Харвардын их сургуулийн профессор Дэвид Рейх ярилаа.
МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэх үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын оршин суугчдын генийн өвийг хайх томоохон төслийн хүрээнд ийм дүгнэлтэд хүрчээ. Тэдний биеийн зөөлөн эдүүд дараагийн зуунд бүрмөсөн алга болсон боловч биеийнх нь бүтэц, яс нь галт уулын хөрсөн хэсэгт үүрд хадгалагдан үлджээ.
Хоёр жилийн өмнө АНУ, Италийн эрдэмтэд "Төмрийн дархны өргөө" гэгддэг газраас олдсон хүмүүсийн нэгийнх нь ДНХ-г хэсэгчлэн тайлж чадсанаар палеогенетикийн судлаачид эртний Помпейн оршин суугчдын үлдэгдлээс ДНХ-гийн хэсгийг хайх судалгааг эхлүүлэх боломжтой болжээ. АНУ, Италийн эрдэмтдийн энэхүү ололтын ачаар XIX, XX зууны төгсгөлд Италийн археологич Жузеппе Фиорелли болон түүнийг дагалдагчдын илрүүлсэн Помпей хотын өөр 14 оршин суугчдын цогцсыг судлах боломжтой болжээ.
Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүллийг шинжлэх ухааны “Current Biology” сэтгүүлд нийтэлсэн байна.