Хятадын экспорт сүүлийн 19 сард байгаагүйгээр өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNBC/. Хятадын экспорт 10 дугаар сард сүүлийн 19 сарын хугацаанд байгаагүйгээр хамгийн хурдацтай өсөж, шинжээчдийн таамаглалыг давсныг тус улсын Гаалын ерөнхий газраас өнөөдөр танилцуулсан тоо баримт харуулжээ.
Тодруулбал, 10 дугаар сард экспорт өмнөх оны мөн үеийнхээс 12.7 хувиар өсөж,
309.06 тэрбум ам.долларт хүрсэн нь 2023 оны гуравдугаар сараас /14.8
хувь/ хойших хамгийн их хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэ
үзүүлэлт есдүгээр сард 2.4
хувь, наймдугаар сард 8.7 хувиар өсөж
байв. Ройтерс агентлагийн
явуулсан санал асуулгын
дүнгээр шинжээчид 10 дугаар
сард экспортын өсөлтийг 5.2 хувьтай
гарна гэж таамаглаж байжээ.
Харин импортын хэмжээ 10 дугаар сард 2.3 хувиар
буурсан байна. Энэ нь есдүгээр сард 0.3 хувь, наймдугаар сард 0.5
хувиар өсөж байсантай харьцуулахад
сул үзүүлэлт болжээ. Шинжээчид 10 дугаар сарын импорт 1.5 хувиар буурна гэж таамаглаж байсныг Ройтерс агентлагийн санал
асуулга харуулсан байна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсад дотоодын хэрэглээ суларч, удаан хугацааны турш үргэлжилж буй үл хөрөнгийн зах зээлийн хямралтай тэмцэж буй энэ үед экспорт өссөн нь таатай үзүүлэлт болж байна. Хятадын
цахилгаан машинд татвар ногдуулсны улмаас АНУ болон Европын Холбоотой /ЕХ/ худалдааны маргаан
хурцдаад байгаа энэ үед Хятад улс экспортоос улам бүр хамааралтай болж
байна. Гэхдээ Хятадын
цахилгаан машин болон бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар өсжээ.
CNBC телевизийн албан ёсны тоо баримтаас үзвэл, 10 дугаар сард Хятадаас АНУ руу хийсэн экспортын хэмжээ 8.1 хувиар, импорт 6.6 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн ЕХ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнууд руу хийсэн экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 12.7, 15.8 хувиар тус тус өссөн байна. Харин импорт 6 гаруй хувиар буурчээ. Хятадаас БРИКС-ийн түнш Орос руу хийсэн экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 27 орчим хувиар өссөн бол импорт 2.8 хувиар буурсан байна.
Хятадын эрх баригчид эдийн засгийг сэргээх зорилгоор зээлийн хүүг болон банкууд дахь заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах журмыг зөөлрүүлэх зэрэг эрчимтэй арга хэмжээнүүдийг есдүгээр сарын сүүлээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн сард Хятадын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа өсжээ.