ДАРХАН-УУЛ: Иргэн, ААНБ-ууд жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрөөр үйлчилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-06 19:38:47

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Газар нутгийн хэмжээ бага ч зуны улиралд Дархан-Уул аймгийг зорих гадаад, дотоодын жуулчид олон. Сүүлийн жилүүдэд аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн ААНБ, иргэд жуулчдад зориулсан хөтөлбөрийг боловсруулж, харьяа төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.


2024 оны байдлаар Дархан-Уул аймгийн Морин аяллын клубээс Хүйтний гол, Зурамтайн ам, Хавцал, Бичигт хад, Гавилуу хайрхны орчмоор аялал зориулалттай гурван отог байгуулжээ. Нийт 200 км мориор аялж, байгальд кино үзэх, өвлөн уламжлагчдын ардын болон язгуур урлагийн тоглолт зэрэг тусгай хөтөлбөртэй аялалд гадаадын 86, дотоодын 120 жуулчин хүлээн авчээ. Гадаадын жуулчдаас БНСУ, Японоос ихэвчлэн ирдэг байна.


Байт харваа, морь уналга сургалтын төв нь морь уналга сургалтын төвд хүүхэд багачуудыг сургахаас гадна монгол ахуй амьдралтай танилцах гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч орон нутгаа сурталчлан таниулдаг. Тус төвд энэ оны эхний есөн сарын байдлаар гадаадын 70, дотоодын 100 гаруй жуулчин хамрагдаж, монгол морины гайхамшгийг биширч, байгалийн үзэсгэлэнд аялжээ.


Хүйтний голд байрлах ойн нөхөрлөл нь дотоодын 180 гаруй амрагч хүлээн авсан байна. Хонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Сатурн экстрем монголиа" цанын бааз нь 7 төрлийн үйлчилгээг хүргэдэг бөгөөд эхний есөн сарын байдлаар дотоодын 300, гадаадын 20 жуулчинд үйлчилгээ үзүүлсэн судалгаа гаргажээ.


2024 оны гуравдугаар улирлын байдлаар Дархан-Уул аймгийн музейг дотоодын 790, гадаадын 83 хүн үзэж сонирхжээ.


Аймгийн БОАЖГ, өвлийн спортыг хөгжүүлэх, дэмжих ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн  загасчлалын спортын холбоотой хамтран ажиллаж байна.


Энэ хүрээнд мөсний загасчлалын аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн айс дрифт, хойд бүсийн Мөсөн сурын чуулга харваа, Чингис мастер кросс, Тайж хасар банхрын нэрэмжит тэмцээн, "Дархан-88" унадаг дугуйн уралдаан, Дрифт, "Дархан-50" фестиваль зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагаанд дотоод, гадаадын 1510 жуулчин оролцсон байна.














Холбоотой мэдээ