ДУНДГОВЬ: Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн олимпиадыг 22 дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-03 18:36:34
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзийн нэрэмжит математикийн 22 дугаар олимпиадад 552 сурагч, 50 орчим багш оролцож, оюун ухаанаа сорилоо.


Тус олимпиадыг "Өлзий багш сан", Цэгц билиг сургууль, тус олимпиадыг санаачлагч гавьяат багш Өлзийн гэр бүл, үр хүүхдүүд 22 дахь жилдээ 11 дүгээр сарын 1-3-нд Мандалговь суманд зохион байгууллаа. 


Олимпиадад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 сургууль, Хулд, Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатар хотын лаборатори 1 дүгээр сургууль, МГС-тай 11 дүгээр сургууль, 6 дугаар сургууль, Сант, Соёмбо, Оюунлиг, Шинэ үе сургууль, Өмнөговь аймгийн 3 сумын 7 сургууль, Баянхонгор аймгийн Төгс алгоритм сургууль, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсон байна. 


Оролцогчдын дунд Монголын математикийн олимпиадын хошой аварга багш М.Батбилэг, 2 дугаар байрын шагналт багш Батзаяа, 3 дугаар байрын шагналт багш Цагаан, сурагч ахуйдаа Монгол Улсын болон Олон улсын олимпиадад амжилттай  оролцож байсан математикч багш Х.Санжаахүү, монголын математикийн олимпиадын 8 удаагийн аварга, бага ангийн багш Отгонжаргал нарын математикч, багш нар Олон улсын болон улсын математикийн олимпиадад удаа дараа амжилттай оролцсон математикч хүүхдүүд байлаа. 


Ерөнхий шүүгчээр "Тасралтгүй боловсрол" ТББ-ын тэргүүн, Монголын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн, 31 дүгээр сургуулийн захирал, Монгол Улсын гавъяат багш Д.Бат-Орших, Монгол Улсын гавъяат багш З.Бат-Эрдэнэ, шүүгчээр Тасратгүй боловсрол ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Гантөмөр, 31 дүгээр сургуулийн математикийн багш М.Бат-Орших, 12 дугаар сургуулийн математикийн багш П.Ганбаатар нар ажиллажээ.


Багийн нийлбэр дүнгээр Улаанбаатар хотын Сант сургууль тэргүүн байр эзэллээ. Олимпиадыг 5-12 дугаар анги тус бүр, бага ангийн багш, дунд ангийн багш гэсэн төрлөөр зохион байгуулж оюун ухааны аваргуудаа шалгарууллаа. 






Холбоотой мэдээ