ДУНДГОВЬ: Шог зураач Ц.Байдын “Өгүүлэмж” үзэсгэлэнг өнөөдөр нээв

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2024-11-01 17:44:04
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Ардын зураач, Урлагийн гавъяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байдын “Өгүүлэмж”  үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Дундговь аймгийн музейд боллоо.  


Үзэсгэлэнг Монголын уран зургийн галерей, Монголын урчуудын эвлэл, Дундговь аймгийн музей, Хулд сумын Соёлын төвтэй хамтран зохион байгуулж байна.


Нээлтийн үйл ажиллагаанд Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Уран зургийн галерейн захирал М.Отгончимэг, тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, урлагийн гавъяат зүтгэлтэн, шог зураач Өлзийбат, зохиолч, шог зураач Амарсайхан, шог зохиолч Жамбалсүрэн, Урчуудын эвлэлийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулга, урлагийн гавъяат зүтгэлтэн ахмад зураач Н.Орхон, МУБИС-ийн багш доктор Н.Энхтайван, Урчуудын эвлэлийн хорооны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, “Дүрслэх урлаг” сэтгүүлийн эрхлэгч, яруу найрагч А.Лхагва нарын уран бүтээлчид, аймгийн соёл, урлагийн салбарын төлөөлөл, Уран зургийн галерей, Хулд сумын соёлын төвийн хамт олон, Музейн ажилтнууд болон тус байгууллагын ахмадууд, иргэд оролцлоо.  


Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерей, Дундговь аймгийн музей, Хулд сумын соёлын төв болон зураачийн өөрийн нь хувийн цуглуулгаас бүрдсэн шог зураг, байгалийн уран зургийн бүтээлүүд дэлгэжээ.


Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын шийдвэрээр Ардын зураач, урлагийн гавъяат зүтгэлтэн Ц.Байдыг Дундговь аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдэг болон Хүндэт өргөмжлөлөөр шагнасан бол Монголын урчуудын эвлэлээс дурсгалын медалион гардуулсан юм.


Үзэсгэлэн 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэн Дундговь аймгийн иргэдийн мэлмий, оюуныг мялаана.