НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний шинэчлэлүүд

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-01 20:45:09

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа. Ийнхүү АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа уг одонг хүртэх гадаадын хоёр дахь иргэний нэр тодорч байна.


ТОВЧ НАМТАР


БНСУ-ын Чүнчон-Пүкто мужийн нэгэн жижигхэн тосгонд 1944 оны зун мэндэлсэн Бан Ги Мүн хүүхэд ахуй насандаа чамгүй зовлон зүдгүүрийг амсжээ. Түүнийг төрсний дараахан гэр бүл нь зэргэлдээх Чүнжү хотод шилжиж, эцэг нь агуулахын бизнес эрхлэх болжээ. Гэвч удалгүй бизнес нь дампуурснаар энэ гэр бүлийн амьдрал ахуй эрс дордов. Үүнтэй зэрэгцээд Солонгосын дайн дэгдсэн тул 6 настай Бан эцэг эх, ах дүүсийн хамт Умардын цэргийн хөлөөс дайжин алслагдсан нутаг руу дүрвэжээ. 


Дайны дараа Чүнжү хотноо буцаж ирсэн дунд сургуулийн сурагч Бан Ги Мүн англи хэлийг онцгой шимтэн судалж байв. Нутгийн хүмүүсийн ярьснаар, тэрбээр хэлний чадвараа сайжруулахын тулд ойролцоох үйлдвэрт ажиллаж байсан Америкийн мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцдаг, үүний тулд өдөрт 10 км замыг явганаар туулдаг байсан гэнэ.  


Уйгагүй чармайлтын үр дүн гарч, 18 настай сурагч Бан Ги Мүн Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд түрүүлэв. Үүнийх нь төлөө урамшуулал болгож Бан Ги Мүнийг тус нийгэмлэгийн зардлаар АНУ-д урьсан бөгөөд тэрбээр Сан-Францискод хэдэн сарын турш амьдарчээ. Энэ үеэр орон орны шилдэг залуусыг Ерөнхийлөгч Жон Кеннеди Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна. Кеннедигийн сонирхолтой яриаг шимтэн сонссон Бан улс төр, олон улсын харилцааг дагнан судалж, дипломатч болохоор эргэлт буцалтгүйгээр шийдсэн байна.


“Тэр өдөр Цагаан ордны өмнөд талбайн зүлгэн дээр түүний хэлсэн үгс надад дипломатч болох чин хүслийг төрүүлсэн. Хэдийгээр улс орнууд “төмөр хөшгөөр” тусгаарлагдсан ч бие биетэйгээ нөхөрлөж явахыг орон орны залууст хандан Кеннеди захиж байлаа” хэмээн Бан Ги Мүн дурсаад,Улс орнуудын хил хязгаар бол саад тотгор биш, хамгийн гол нь бид бие биендээ тусламжийн гараа сунгаж чадах уу гэдэгт асуудлын гол нь бий” хэмээн өөрийн ирээдүйд баримтлах зарчмаа тодорхойлж байжээ.    


Бан Ги Мүн түүний гэргий Ю Сүн Тэк нар нэг хүү, хоёр охинтой ажээ. Тэрбээр солонгос, япон, англи, франц хэлээр ярьдаг. Гольф тоглох дуртай ч ажлын хуваарь маш шахуу тул хоббигоо хөгжүүлэх цаг зав тун хомс байдаг тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ярьж байв.

 

ДИПЛОМАТЧИЙН ЗАМНАЛ 


Америкаас буцаж ирсэн түүнийг ангийнхан нь баатар мэт угтан авсны дотор аз хийморийн бэлгэдэл болох хулсан саваа барьсан нэгэн бүсгүй зогсож байсан нь түүний ирээдүйн хань Ю Сүн Тэк байлаа.


Сөүлийн их сургуулийг 1970 онд олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөнийхөө дараа тэрбээр Өмнөд Солонгосын “алтан үе”-ийн залуусын нэгэн адилаар гадаадад суралцахаар явав. Харвардын их сургуулийн Ж.Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийг дүүргэсэн Бан Ги Мүний эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байсан Жозеф Най хожим түүний талаар дурсахдаа “Дүн шинжилгээг гайхалтай хийдэг чадвар, даруу занг цөхрөлтгүй шаргуу оролдлоготой хослуулж чадсан ховор хүн” хэмээн үнэлж байв.


Ингээд Харвардыг төгссөн залуухан дипломатч ГХЯ-нд хуваарилагдсан даруйд нь Энэтхэгт дэд консулаар ажиллуулахаар томилжээ. Тус яаманд ажиллах хугацаандаа Бан Ги Мүн албан тушаалын шатаар эрчимтэй ахин дэвшсээр 1987-1990 онд АНУ дахь Өмнөд Солонгосын ЭСЯ-ны зөвлөх, Ерөнхий консул, 1992 онд цөмийн хяналтын асуудлаарх хоёр Солонгосын хамтарсан комиссын орлогч дарга, сайдын тусгай зөвлөхөөр ажиллаж байгаад 1995 онд ГХЯ-ны дэд сайдаар томилогдсон бол 1996 онд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх болов.


Харин 1998-2000 онд Австрид элчин сайдаар томилогдон ажилласан нь Өмнөд Солонгос-Европын харилцааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж, туршлагатай дипломатчийг илгээсэн хэрэг байлаа. 


Гадаад харилцаа ба гадаад худалдааны сайдаар 2004-2006 онд ажилласан Бан Ги Мүний ажлын гол чиглэлүүдийн нэг нь хоёр Солонгосын харилцааг хэвийн болгох явдал байв. Бээжинд 2005 оны 9 дүгээр сард болсон зургаан талт хэлэлцээний явцад Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулах асуудлаар талууд хамтарсан мэдэгдэл гаргахад Бан Ги Мүн дипломатчийн хувьд чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ баримт бичигт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үндсэн зарчмыг тусгасан байна.


НҮБ-ЫН ШИНЭ ТЭРГҮҮНИЙ ГУРВАН ТОМ ШИНЭЧЛЭЛ


Нэг: Энх тайван, аюулгүй байдал  


Бан Ги Мүн 2006 оны 10 дугаар сард НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох тэр үед олон улсын хамгийн нөлөө бүхий тус байгууллагад шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдаад байсны дотор Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэх, Судан дахь хүмүүнлэгийн хямрал, Ираны болон Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал, НҮБ-ын шинэчлэл гэх мэт асуудлыг дурдаж болно. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Бан Ги Мүн дэлхийн зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудад алба хааж буй НҮБ-ын энхийг сахиулагч 120 мянган цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлж, Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Сомали, Афганистан, Ирак, Сири, Ойрх Дорнодод үүссэн хямралт нөхцөл байдлуудыг зохицуулахад анхааран ажиллажээ. 


Өвөрмөц дипломат арга барилтай Бан Ги Мүн тус байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаанд “Гурван суурь өөрчлөлт”-ийг хийх замаар орчин цагийн бодит байдалтай нийцүүлэхийг санал болгож байв. Юуны түрүүнд, асар өндөр өртөг бүхий ажиллагаа явуулахаас зайлсхийж, үүний оронд хямрал сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, зуучийн үүрэг гүйцэтгэх зэрэгт анхаарах нь чухал гэдгийг онцолжээ.



Хоёрдугаарт, энхийг сахиулах ажиллагаа нь хөдөлгөөнт, уян хатан байх ёстой бөгөөд хямралд автсан улс орнууд, ард түмнүүдийн өмнө тухайн ажиллагааг тайлагнан тайлбарладаг байх хэрэгтэй гэж үзсэн байна.


Гуравдугаарт, дэлхийн болон бүс нутгийн түвшинд суурь механизмыг ажиллагаанд оруулснаар энх тайван, аюулгүй байдлын салбарт учирч буй сорилтуудыг даван туулах боломжтой гэдгийг дурдаж байв.


Хоёр. Тогтвортой хөгжил


Арван жилийн хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа сонгогдсон ноён Бан Ги Мүн бол олон улсын хэмжээний ач холбогдолтой янз бүрийн төслүүд, ялангуяа “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх Парисын хэлэлцээрийн суурийг тавьсан архитектор хэмээн тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, түүний хойч үеийнхэнд үлдээсэн хамгийн том хоёр өв бол Тогтвортой хөгжлийн зорилт ба Парисын хэлэлцээр юм.


Тогтвортой хөгжлийн 17 зорилт бол хүн төрөлхтний сайн сайхны төлөө хэрэгжүүлэх ёстой улс төрийн нийтлэг зорилт юм. Эдгээр зорилтыг  зөвшилцөх, хэрэгжүүлэх талаар шүүмжлэн мэтгэлцэх, саналаа хуваалцах нь нээлттэй байдаг. Харин Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээр бол заавал биелүүлэх ёстой хууль эрх зүйн баримт бичиг гэдгээрээ ялгаатай.


Тогтвортой хөгжлийн зорилтууд бол НҮБ-аас дэлхий нийтийн өмнө дэвшүүлэн танилцуулсан хамгийн шинжлэх ухаанч, хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн амбицтай багц зорилт гэдгийг Бан Ги Мүн өөрөө онцолж байв.


НҮБ-ын тэргүүнээр томилогдсон даруйдаа тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээг байгуулж, түүнийг нэн чухал баримт бичиг болгон хойч үедээ үлдээхийг эрмэлзэх болсон юм. Түүний эрмэлзэл 2015 оны 12 дугаар сард Парис хотноо биеллээ олов. “Парисын хэлэлцээрийг баталсан явдал бол дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, маш том урам зориг өгсөн үйл явдал мөн” гэж тэрбээр хэлж байлаа. Энэ хэлэлцээрийг байгуулсны ачаар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийн эсрэг цогц арга хэмжээнүүд авч байгаа нь эдүгээ дэлхий дахины ногоон хөгжлийн гол чиг баримжаа болжээ. Бан Ги Мүн экологийн асуудалд маш ихээр анхаарч “Цөмийн дайныг дэгдээхгүй байх нь XX зуунд хамгийн хурц асуудал байсны адил өнөөдөр дэлхийн дулааралтай тэмцэх асуудал нэн чухал болж байна” хэмээн хэлж байв.


Хөгжиж буй орнууд өнөөгийн цаг уурын эрс тэс үзэгдлүүдэд хамгийн бага нөлөө үзүүлсэн боловч түүний үр дагаврыг бууруулах, дасан зохицох чадвар сул байгаагийн улмаас уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж байна. Иймээс эдгээр улс оронд туслахын тулд илүү их хөрөнгө мөнгө гаргах ёстой.


Хөгжингүй орнуудаас эл зорилгоор хөгжиж буй орнуудад жил бүр 100 тэрбум ам.доллар олгохоор амласан ч үүнээс илүү өргөн дэмжлэг үзүүлэхийг Бан Ги Мун өндөр хөгжилтэй орнуудад уриалсаар ирсэн юм.

 

Гурав. Хүний эрх ба эмэгтэйчүүдийн эрх


Шинэ дарга НҮБ-ыг шинэчлэх ажлыг тууштай эхлүүлж, юуны түрүүнд удирдах болон захиргааны албан тушаалд тус байгууллагын түүхэнд үзэгдээгүй олон эмэгтэйчүүдийг томилсноор “эмэгтэй дарга нар”-ын тоо 40 хувиар нэмэгдсэн байна.


Түүнчлэн хүчирхийллээс эмэгтэйчүүдийг хамгаалах, энхийг сахиулах ажиллагаанд тэднийг идэвхтэй татан оролцуулах тал дээр Бан Ги Мүн санаачилга гаргаж, байгууллагын түүхэнд анх удаа энхийг сахиулах НҮБ-ын цэргийн бүлгийн командлагчаар  /Кипр дэх/ эмэгтэй хүнийг буюу Норвегийн иргэн, хошууч генерал Кристин Лундыг томилж байв.


Нийгмийн амьдралын бүхий л салбарт 2030 он гэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангая гэсэн уриалгыг гаргасан хүн бол Бан Ги Мүн юм. Тэрбээр мөн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны санд төвлөрч буй хөрөнгийн 15 хувийг жендэрийн тэгш байдлыг хангах төслүүдэд зарцуулах нь зүйтэй гэсэн зарчмын саналыг дэвшүүлж байлаа.


Үүний сацуу НҮБ-ын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, гишүүн орнуудын харилцан итгэлцлийг сэргээх, байгууллагын нөөц хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах, ил тод байдлыг хангах, Энхийг сахиулах ажиллагаа, Зэвсэглэлийг хорогдуулах асуудал эрхэлсэн департаментуудад шинэчлэл хийх чиглэлд чухал арга хэмжээнүүдийг авав. Тухайлбал, 2011 онд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт өөрчлөлт хийж, төсвийг нь танажээ. Мөн НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлэх, тэргүүлэх чиглэлүүд, үйл ажиллагааныхаа талаар удирдах албан тушаалтнууд жил бүр заавал тайлан бэлтгэж ирүүлж байх, хөрөнгө орлогын ба ашиг сонирхлын мэдүүлгүүдийг (сайн дурын үндсэн дээр) ил тод болгох зорилго бүхий шинэ журмуудыг гаргасан байна.


Ийм байдлаар хэмнэлтийн горимоор ажиллаж байсан хэдий ч 1951 оноос хойш засвар хийж байгаагүй НҮБ-ын төв байранд Бан Ги Мүний үед их засвар хийсэн ажээ.


Олон улсын аюулгүй байдал ба эдийн засгийн хөгжлийг хангах гэсэн НҮБ-ын хоёр үндсэн зорилтоос гадна Бан Ги Мүн хүний эрхийн асуудалд ихээхэн анхаарч, 2013 онд “Хүний эрхийг эн тэргүүнд” нэртэй кампанит ажил өрнүүлж байв. Кампанит ажлын үзэл санаа нь “Хүний эрхийн байдал бол улс орнуудын тогтвортой байдлын барометр хэмжүүр бөгөөд хүний эрхийн зөрчил нэмэгдэх нь зэвсэгт мөргөлдөөн ойртож буйн шинж тэмдэг болдог” гэдэгт оршиж байв.


Түүнээс гадна, залуучуудын асуудлыг Бан Ги Мүн анхаарлынхаа гадна орхиогүй юм. Тэрбээр залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөхийн орон тоог 2013 онд бий болгож, янз бүрийн түвшинд шийдвэр гаргахад залуусыг идэвхтэй татан оролцуулах үзэл баримтлалыг дэлхий даяар түгээж эхлэв. Үүний дүнд сүүлийн жилүүдэд НҮБ-аас зохион байгуулж буй хүний эрхийн ба нийгмийн асуудлаарх чуулга уулзалтуудад залуучуудын төлөөлөл идэвхтэй оролцож, дуу хоолойгоо өргөж байна.


БАН ГИ МҮНИЙ ЗАН ЧАНАР 


Бан Ги Мүнийг таньдаг, түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн дүгнэн ярьснаар бол, тэрбээр чимээгүй зөөлөн хүн бөгөөд хүмүүсийн өмнө дуугаа хэзээ ч өндөрсгөдөггүй, бусдын санаа бодлыг анхааралтай сонсдог хүн ажээ. Маш олон хүнтэй харилцдаг улстөрч гэхэд харизм муутай, хэтэрхий зөөлөн гэж өөрийг нь шүүмжилсний хариуд Бан Ги Мүн,Гадна талаасаа би зөөлөн харагдаж магадгүй, гэхдээ би дотроо шаардлагатай үед хатуу чанга байж чаддаг, бас үргэлж шийдмэг байсаар ирсэн” гэж байв. Түүний танилуудын ярьснаар, Бан Ги Мүн аливаа зүйлд маш хурдан хариу өгдөг,  либерал үзэл бодолтой, нээлттэй, албаны бус энгийн харилцааг эрхэмлэдэг хүн ажээ.


НҮБ-ын тэргүүний ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа 2017 онд The Elders гэдэг нэртэй, улс орнуудын нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүдийг нэгтгэдэг олон улсын төрийн бус байгууллагад элссэнээс гадна 2018 онд Боаогийн Азийн чуулга уулзалтын Захирлуудын зөвлөлийн даргаар сонгогдсон байна.  

Холбоотой мэдээ