ӨВӨРХАНГАЙ: Бие даалтын долоо хоногоор сурагчдыг аюулгүй амьдрах арга ухаанд сургана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны
аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сурагчдын бие даалтын долоо хоногоор гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг сурагчдад
танилцуулна.
Тодруулбал, 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх долоо хоногийн хугацаанд аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд хүүхэд, багачуудыг татан оролцуулж, эрсдэлгүй, аюулгүй амьдрах арга ухаанд сурган дадлагажуулах юм.
Энэ хүрээнд Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 8 дугаар ангийн таван бүлгийн сурагчид Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Гамшгийн
эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэ
жил дэлхий даяар тус өдрийг “Гамшгийг даван туулах чадавхтай ирээдүйн төлөө
хойч үеэ чадавхжуулах нь” уриан дор тэмдэглэж, сургуулийн насны
хүүхдүүдийн гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд боловсролын салбараар дамжуулан
гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудад уриалжээ.