“Номын чуулган” хүндэтгэлийн жагсаал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-18 00:32:55

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан Цэргийн хүрээний ёслолын жагсаал шинэ Дархан дахь “Найрамдал” талбайд болов. Жагсаалд тус аймаг дахь Зэвсэгт Хүчний 330 дугаар анги, ШШГЕГ-ын харьяа анги салбарууд, Онцгой Байдлын газар, Цагдаагийн газар зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 200 гаруй алба хаагч оролцлоо.

Дараа нь үндэсний номын баярыг тэмдэглэх Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд “Номын чуулган” хүндэтгэлийн жагсаалыг аймгийн ЗДТГ-аас эрхлэн Боловсрол, Соёлын газар, Хүүхдийн Номын ордон, Төв Номын сан хамтран зохион байгуулж явуулав. Номын баатруудыг амилуулсан уг хүндэтгэлийн жагсаалд тус аймгийн ерөнхий боловсролын 13 сургууль, 18 цэцэрлэгийн багш сурагч, эцэг эхийн төлөөлөл нийлсэн 1500 гаруй хүн оролцов. Мөн үеэр үлгэр, ном зохиолын баатруудын мэндчилгээ, хаан хатдын чуулган, зохиолын дүрүүд амилсан нь, авто жагсаал зэрэг төрлүүдээр Монголын болон дэлхийн уран зохиолын бүх цаг үед оргил болсон бүтээл, номын баатруудыг амилуулсан бол цэцэрлэгийн багачууд, багш ажилтнууд өхөөрдөм хөөрхөн үлгэрийн болон хүүхэлдэйн киноны дүрүүдийг амилуулсан юм. Анх 2014 онд аймгийн Төв Номын сан байгуулагдсаны 50 жилийн ойгоор зохион байгуулж байсан бол энэ удаа хоёр дахиа зохион байгуулсан нь энэ юм.

                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ