Бразилын шоронд мөргөлдөөн болсны улмаас олон хоригдол амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-17 13:34:58

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Бразилын хойд нутагт орших хэт олон хүн хоригдолтой нэгэн шоронд гэмт хэргийн хоёр бүлэглэлийнхний хооронд мөргөлдөөн болсны улмаас наад зах нь 25 хоригдол амь үрэгджээ.

Цагдаагийн эх сурвалжийн ярьснаар, хоригдлуудын долоогийнх нь толгойг тасдаж, зургааг нь шатааж алсан байжээ.

Энэ хэрэг тус улсын Рорайма мужийн төв Боа-Виста хотын шоронд хоригдлуудын ар гэрийнхэн эргэлтээр очих үед болсон байна.

“Эргэлтээр очсон 100 орчим хүн барьцаалагдсан. Тэднийг суллаж, эмх замбараагүй байдлыг дарж чадлаа” гэж албаны хүн хэлэв.

Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, хоригдлууд хутга болон модон саваагаар зэвсэглэсэн байжээ.

740 хүртэлх тооны хүний багтаамжтай тус шоронд одоогоор 1400 хоригдол байгаа аж.

Бразил нь хоригдлуудынхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог улс гэнэ. Тус улсын шоронгуудад 600 мянга орчим хүн хоригдож байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ