ТӨВ: Баян суманд 660 МВт-ын дулааны цахилгаан станцын шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-09 10:05:48

Зуунмод, 2024 оны аравдугаар 8 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй 660 МВт-ын дулааны цахилгаан станцын шав тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.


Тус станцыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын хэмжээнд хүчин чадлаараа Дулааны-IV цахилгаан станцын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх эрчим хүчний том эх үүсвэр болно.


Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Касен пауэр грийн энержи” ХХК ажиллах юм.


Цахилгаан станц 2 блок барилга байх бөгөөд 2х330 МВт байна.


Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор нийгэм, эдийн засгийн дараах ач холбогдолтой юм.


Тухайлбал, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жил бүр 3.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг нийлүүлнэ. Мөн нийслэлийн Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян сумын өсөн нэмэгдэх дулааны эрчим хүчний хэрэглээг хангана.


Төсөл хэрэгжих нийт хугацаанд улс, орон нутгийн төсөвт 1.04 тэрбум ам. долларын татвар, хураамж, шимтгэлийн орлогыг төвлөрүүлнэ.


Монгол улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцаар эрчим хүчний хольцыг төрөлжүүлснээр эрчим хүчний аюулгүй байдлаа нэмэгдүүлж, импортын цахилгаан эрчим хүчээс хараат байдлыг багасна. Станцын барилга угсралтын ажлын үед 2000-2500 түр ажлын байр, цаашид төсөл ашиглалтад орсноор 250 байнгын ажлын байр бий болохоор төлөвлөж байгаа юм.

 ,


Холбоотой мэдээ