Зургаан дүүргийг дамнасан шинэ тойрог зам барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-04 15:54:12

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын шинэ тойрог зам нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнаж 88 км үргэлжилнэ.


Уг замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих шийдвэрт хүрч, УИХ, Засгийн газрын хуралдаанаар батлаад байсан. Тэгвэл одоогийн байдлаар зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дуусчээ.  Ирэх долоо хоногт олон улсын зөвлөх үйлчилгээний нээлттэй тендерийг зарлахаар болсон байна. Уг шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой.


Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болохоороо Монголдоо анхдагч бөгөөд онцлог зам болох юм. Шинэ тойрог зам нь хойд чиглэлдээ Дархан болон баруун аймгуудын уулзвараас Орбит-Найрамдал чиглэлд болон Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх бөгөөд нийт 55 км урт байх юм. Харин урд чиглэлдээ Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эргийг дагаж, нийт 33 км үргэлжилнэ.


Түүнчлэн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. Уг Туулын хурдны зам нь мөн 33 км үргэлжилнэ. Анхны зураг төслийг дөрвөн эгнээ замтай байхаар хийсэн бол зураг төслийг шинэчилснээр зургаан эгнээ болох юм.



Холбоотой мэдээ