ДАРХАН-УУЛ: Цэцэрлэгүүдэд олгох урсгал засварын санхүүжилтийг арван сая төгрөг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-18 17:24:23

Дархан, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл байдал, анги танхимын дүүргэлт хэрхэн байгаа талаар удирдлагуудтай уулзаж мэдээлэл авч байна.


Мөн сургууль, цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудал, засвар үйлчилгээний талаар газар дээр нь танилцаж зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.


Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилгын дээвэр, инженерийн шугам, сүлжээ, ачаалал ихтэй цэцэрлэгүүдэд шинэ бүлэг нээх, тохижилтын ажлуудыг эрчимжүүлж шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр болжээ.


СӨББ-уудын урсгал засварын санхүүжилтэд 2.5-3 сая төгрөг төсөвлөдөг байсан бол үүний хэмжээг нэмэгдүүлж, арван сая төгрөг болон түүнээс дээш байхаар шийдвэрлэжээ.


Сургууль, цэцэрлэгүүдэд тулгамдсан асуудал харилцан адилгүй бөгөөд тухайн засвар үйлчилгээнд тохирсон санхүүжилтийг цаашид төсөвт тусгахаар болсон гэж ЕБС, СӨББ-ын удирдлагуудад мэдэгдлээ.


2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн бүх цэцэрлэгт иж бүрэн автомат аяга, таваг угаах төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр багш нар ангидаа аяга таваг угаахгүй, түүнд зарцуулах цагийг хүүхдүүдтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлсэн байна. Бүх цэцэрлэг автомат аяга, таваг угаагч суурилуулснаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрджээ.


Аймгийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн 14 сургууль, 30 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс Дархан суманд 11 сургууль, 24 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.





 


 

Холбоотой мэдээ