Бүгдээрээ “Илүү их уншъя”
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн төв талбайд зохион байгуулж буй номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Номын баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ олонд толилуулж,
үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт,
сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном
унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон үйл ажиллагаа, соёл, урлагийн тоглолтууд
болж байна. Мөн зохиолч, хэвлэн нийтлэгчдийг урамшуулах, дэмжихээр “Мэргэн ном”
цомын эзнийг тодруулж, Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын
түүхийн 12 боть номын олны хүртээл болгож байна. Түүнчлэн, хэвлэлтээс дөнгөж гараад
байгаа номнуудыг ч танилцуулж байгаа юм.
Номын баярт оролцож буй хувиараа ном борлуулагч Г.Энхтүвшингөөс энэ жилийн номын баяр болон уншигчдын онцлогийн талаар сэтгэгдлийг нь сонирхлоо.
Тэрбээр, “Номын баярт 2016 оноос хойш оролцож байна. Анх зохион байгуулж байсныг бодоход ном худалдаалагчид янз бүрийн ном худалдаалах болж, сонголт ихэсжээ. Хуучны зохиолуудыг шинээр дахин хэвлээд зарж байна. Гоё гоё ном, зохиол олноор гарч байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэг үеийг бодвол ном унших нь ихсэж байгаа анзаарагдсан. Яг л өөрйинхөө сонирхсон, хүссэн номоо зорьж, эрж хайж уншдаг болж. Залуус ихэвчлэн шинээр гарсан ном сонирхдог. Ном их уншдаг хүмүүс хуучны, өмнө уншиж байсан зохиолоо дахиж унших гээд хайдаг юм. Номны амтанд орсон хүмүүс цуглуулах гэж хуучин ном их сонирхоно. Уншаад сурсан хүмүүс сүүлд гарсан номнуудыг цагаан цаас дээр хэвлэсэн учир нүдэнд сайнгүй гээд шаргал цаастайг нь, бүр бор хэвлэлттэйг л үнэрлэж уншина гээд авдаг. Би сүүлийн үеийн номыг ихэнхийг нь уншсан болохоор “Энэ ном ийм шүү” гээд л дуртайяа ярьж өгөөд, сайн зардаг юм. Хуучны зохиолоос бол өөрийн уншсанаа л тайлбарлаж өгдөг” гэлээ.
Нийслэлийн 157 дугаар сургуулийн 7Ё ангийн сурагч Б.Бум-Эрдэнэ, “Ээж, дүү хоёрынхоо хамт номын баярт өөрийнхөө дуртай номыг авахаар ирээд явж байна. Дүүгийнхээ хичээлтэй холбоотой номыг бас эрж байна. Би ном унших дуртай, тэр дундаа адал явдалтай уран зохиолыг бүр их дурлаж уншдаг. Ном унших их сонирхолтой ш дээ, гоё байдаг юм.
Номоо нэг уншаад эхлэхээрээ заавал дуусгаж санаа минь амардаг. Олон ном уншсан. Хамгийн сүүлд “Математикч хүүхдүүд”, “Бяцхан хүү Ханхүү хоёр” номыг уншсан. Ээж маань ном уншихыг их дэмждэг, аваад л өгдөг юм. Хааяадаа гэртээ байгаа номнуудаа эргүүлээд дахиад бас уншдаг” хэмээн ярив.
“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачилсан номын баярыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Тус баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцож байгаа бөгөөд тэдний 75 хувь нь 15-35 насны залуус байна. Хавар, намрын номын баярыг дунджаар 240 гаруй мянган хүн ирж сонирхдог гэсэн судалгаа байдаг аж.