Энцо Фернандес жолооны эрхээ хасуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны есдүгээр сарын 12 /РИА Новости/. Замын
хөдөлгөөний дүрмийг хоёр удаа зөрчсөн “Челси”-д тоглодог Аргентины хөлбөмбөгчин
Энцо Фернандесийн жолоо барих эрхийг хагас жилийн хугацаагаар хассан тухай ВВС
мэдээлжээ.
Уэльсийн Кармартеншир тойргийн шүүхээс лхагва гарагт ийм
шийтгэл оноосон бөгөөд Фернандес өөрөө шүүх хуралд оролцсонгүй. Үүнээс
гадна тэрбээр 10 дугаар сарын 9-ний дотор 3020 фунт стерлингийн торгууль төлөх
ёстой болжээ.
Лондон хотын “Челси” багт тоглож буй хагас хамгаалагч Фернандес
11 дүгээр сарын 28-ны өдөр улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн бол 12 дугаар сарын
20-нд Суонси хотын замд хурд хэтрүүлсэн байна. Гэхдээ эл хоёр тохиолдолд Фернандес
Porche Cayenne загварын автомашиныг жолоодож байсан эсэх нь тодорхойгүй байгаа
ажээ. Харин цагдаагийн газраас жолоо барьж байсан хүнийг тодруулахаар түүнийг
дуудсан боловч очоогүй байна.
Фернандес 2023 оны нэгдүгээр сард Португалын “Бенфика” багаас
“Челси”-д 121 сая еврогоор шилжин ирсэн бөгөөд 67 тоглолтонд оролцож, 7 гоол
оруулаад байгаа юм.
Өнгөрсөн зун тэрбээр дуулиан
шуугианд холбогдсон бөгөөд Францын шигшээгийн хөлбөмбөгчдийг доромжлон гутааж,
арьсны өнгөөр ялгаварласан утга агуулгатай дуу дуулсны учир ихээхэн шүүмжлэлд
өртөж, дараа нь нэг клубт хамт тоглодог хөлбөмбөгчдөөс уучлал гуйж байв.