УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-12 10:26:38

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг энэ сарын 11-нд хүлээн авч уулзлаа.

 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, энэ жил Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жилийн түүхэн ой тохиож байна. Монгол ардын зүйр үгэнд “Саахалт айлын санаа нэг”, “Сайн хөрш садан төрлөөс илүү” гэх үг бий. Мөнхийн хөрш БНХАУ-тай зуун зуун жилээр түүчээлэн бүхий л түвшинд найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэнд талархаж байна. Улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал юм. Тиймээс хоёр улсын бизнес эрхлэгчид, иргэдийн харилцан зорчих асуудлыг чирэгдэл багатай, технологийн дэвшлийг ашиглан шийдэх боломжийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй юм гэлээ. Түүнээс гадна хилийн зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлээд, тухайлбал Байтагийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээх ажиллуулахад анхаарал тавьж ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. 


Элчин сайд Шэнь Миньжюан, манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж байна. БНХАУ-ын дэд дарга Хань Жөний Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэх ач холбогдолтой болсныг онцлоод, Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын ач холбогдлыг тодотгосон. 

 

Хатагтай Шэнь Миньжюан, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Боомтын сэргэлт” бодлогыг дэмжиж, хоёр улсын өндөр түвшинд яриа хэлэлцээрийг үе шаттайгаар үргэлжлүүлэх ёстой хэмээн үзэж байна. Тухайлбал, таны онцолж  буй Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээхэд байгаль орчны үнэлгээ зайлшгүй шаардлагатай учраас энэ асуудлаар шийдвэр гарахыг хүлээж байгаа. Мөн цаашид хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал хэмээн Элчин сайд онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ