Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-11 16:01:35

Улаанбаатар2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын үеэр тахь нутагшуулах төсөл болон зэрлэг ан амьтан хамгаалал, байгаль орчны салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Прага хотын амьтны хүрээлэн 30 гаруй жилийн турш Говийн их дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлж, хамгаалалтын захиргааны материаллаг баазыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгаад Тамгын газрын дарга Г.Занданшатар талархал илэрхийллээ.


Тус амьтны хүрээлэн говь, хуурай хээрийн экосистемийн бүс нутгийн үнэлгээ хийх, улсын хэмжээнд экологийн хувьд ач холбогдолтой, хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа гүйцэтгэх, газар нутгийг тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, байгаль хамгаалах шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх, Дорнод аймгийн Халх гол сумын дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолойд тахь нутагшуулахаар бэлтгэлээ хангаж байна.


1998 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн нэг азарга, хоёр гүүг Говийн их дархан цаазат газарт авчирсан түүхтэй. Мөн Хустайн нуруу, Хомын тал зэрэг газарт төсөл хэрэгжүүлсний дүнд тоо толгой нь өсөж, одоо 1000 орчим тахь уугуул нутагтаа нутагшаад байна гэж ЕТГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ