Малчид малын үр шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны есдүгээр
сарын 11 /МОНЦАМЭ/. НҮБ-ын
Хүн амын болон Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зудад
нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байна.
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтээр зудад өртсөн малчдад одоогийн байдлаар нийтдээ 1.5 сая ам.долларын тусламж хүргэжээ. Тусламжийн талаар орон нутгийн иргэд, төлөөллийн үгийг хүргэвэл, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин М.Натар, хүн болсоор ийм өвөл, зуд үзээгүй. Цас зудтай хүнд хэцүү үед малчид бидэнд ирүүлсэн НҮБ-ын тусламжийг хүлээж авсан. Бэлэн мөнгө, ахуйн хэрэглээний бараа гээд хүнд, айл өрхөд хэрэгцээтэй бүхий л зүйлээр тусалсанд малчин эмэгтэйчүүд бид маш их баярлан хүлээн авсан гэв.
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтээр зудад өртсөн малчид, тэдгээрийн гэр бүлд 1.5 сая ам.долларын тусламж хүргээд байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын орлогч Д.Мөнхцэнгэл, дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд малчид усалгаатай газар тариалан хөгжүүлэх, малын үр шимийг нэмэгдүүлж, тоо толгойг цөөлөх чиглэл рүү анхаарч байна. Хадлан тэжээл бэлтгэх арга технологио өөрчилж эхэллээ.
Завхан аймгийн Их-Уул
сумын аймгийн аварга малчин С.Нацагдорж, нийт малынхаа 70 хувийг онд оруулсан. Энэ бол 1-2 жилийнхээ
төлийг алдаж байна гэсэн үг. Үндсэндээ мал дагаж байгаа хүн бол хоёр жилийн
хөдөлмөрийн алдаж байгаа юм. Энэ өвөл, хавар малчин залуучуудын амьдралд хүнд
цохилттой он цаг болж өнгөрлөө хэмээн ярьж байна.
Малчид өвс, тэжээлээ бэлтгэхдээ малынхаа тоо толгойг байгалийн гамшиг тохиож болох цаг хугацаатай давхар сайтар тооцож байхыг өнгөрсөн өвөл, хаврын зуд хатуу сануулсан юм.
НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, “Монголын малчдыг уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад сургаж, зөвлөж, чадавхжуулах хэрэгтэй. Цаашдаа малчид шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуулан өвөл, хаврыг өнтэй давах аргуудыг эрэлхийлээсэй” хэмээн онцлон хэлж байна.
Ташрамд мэдээлэхэд, Монгол
оронд өнгөрсөн өвөл, хаврыг дамнасан зудын гамшигт өртсөн малчид, тэдний гэр
бүлд НҮБ-аас хэд хэдэн төрлийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байна. Дурдвал,
байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амьжиргааны эх үүсвэр, амьдралын
баталгаа, үндсэн хөрөнгө болсон мал сүргээ алдаж бие махбод болон сэтгэл
зүйгээрээ хүнд нөхцөл байдлыг даван туулж байгаа малчид, тэдгээрийн гэр бүлд
НҮБ-аас тусламж үзүүлж байна.
Монгол Улс НҮБ-ын гишүүн болж тухайн цаг үеэс эхлэн тус
байгууллагын тусламж дэмжлэгийг авсаар ирсэн бөгөөд 2001, 2010 онд зудын
гамшигт нэрвэгдсэн малчдыг зудын гамшгийг даван туулахад тус нэмэр болох
хандивын санаачилгыг тус байгууллага голчилж байсан билээ. Энэ удаад ч зудын
гамшигт өртсөн малчин гэр бүл бүрд ямар нэгэн байдлаар тэдний тусламж дэмжлэг
хүрээд байна.