Европын шүүх “Apple”, “Google”-ийн талаар шийдвэр гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБРЮССЕЛЬ, 2024 оны есдүгээр сарын 11 /DW/. Мягмар гарагт Европын Холбооны шүүх /ECJ/ “Google” компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн гэж үзсэнээс гадна “Apple” компани Европын Холбоонд /ЕХ/ 13 тэрбум еврогийн /14.3 тэрбум ам.доллар/ татвар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Эдгээр шийдвэр бол Америкийн технологийн томоохон компаниуд татварын цоорхойг ашиглаж буйг зогсоох гэсэн оролдлого хэмээн шинжээчид үзэж байна.
“Ирланд улс “Apple”-д хууль бус татварын хөнгөлөлт үзүүлсэн, одоо үүнийгээ эргүүлэн авах ёстой” гэж ECJ-ийн
шүүгчид мэдэгдээд, тус компанийн Дублинтай
байгуулсан татварын хэлэлцээрийн талаар дурджээ.
Харин “Google”-д үүсгэсэн хэрэг 2017 оноос эхлэлтэй бөгөөд тухайн үед ЕХ-ны зүгээс "хайлтын системд өөрийн “Google Shopping” холбоосыг эхэнд нь байршуулсан" гэж тус компанийг буруутгаж байжээ. Энэ бол монополийн эсрэг журмыг зөрчсөн үйлдэл гэж тус холбоо үзэж байгаа юм.
“Google”-д 2.4 тэрбум еврогийн торгууль ногдуулсан шийдвэрийг тус компани давж заалдсан
боловч ECJ торгуулийг хэвээр үлдээжээ. “Зах зээлийн онцлог, хэргийн нөхцөл байдлын үүднээс үзэхэд “Google”-ийн үйл ажиллагаа нь ялгаварлан
гадуурхсан шинжтэй байсан”
гэж шүүгчид мэдэгдсэн байна. Үүний
хариуд “Google” компани мэдэгдэхдээ, ЕХ-ны дүрэм журмыг дагаж
мөрдөхийн тулд 2017 онд өөрчлөлт оруулсан гэжээ.
“Apple”-ийн эсрэг хэрэг 2016 оноос эхлэлтэй бөгөөд Ирландад төв байртай тус компани Ирландын эрх баригчидтай татварын
таатай нөхцөл бүхий гэрээ байгуулсан гэж буруутгажээ. ЕХ-ны зүгээс олон тэрбумын татварын хөнгөлөлтийг Ирландад буцааж
төлөхийг “Apple”-аас шаардаж ирсэн юм.
“Google” болон “Apple”-ийн эсрэг гаргасан шийдвэрийн аль аль нь эцсийнх бөгөөд хүчингүй болгох боломжгүй ажээ.
ЕХ-ны Монополийн
эсрэг асуудал эрхэлсэн албаны дарга Маргрете Вестагер шүүхийн шийдвэрийг сайшаасан байна. “Өнөөдөр татварын шударга зарчимд нийцсэн маш том ялалтыг байгууллаа” гэж тэрбээр X хуудсандаа бичжээ. Мөн “Google”-д холбогдох
шийдвэрийг "дижитал шударга ёсны томоохон ялалт" хэмээн дүгнэжээ.
Харин “Apple” компанийн мэдэгдэлд “Европын Комисс дүрэм журмаа буцаан өөрчлөхийг оролдож
байна" гэж буруушаагаад "олон улсын
татварын хуулийн дагуу АНУ-д манай компанийн орлогод татвар ногдуулдаг болохыг харгалзан үзэхгүй байна” хэмээн дурджээ.