БАЯН-ӨЛГИЙ: Улсын мэргэн цол хүртсэн харваачдыг 20 сая төгрөгөөр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-09 12:16:00

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд түрүүлж “Улсын мэргэн” цол хүртсэн Нармандахын Алтансүх, Урианхай сурын харваанд түрүүлж "Улсын мэргэн" цол хүртсэн Тавхиагийн Галхүү нарын цолын мялаалга наадам энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Өлгий хотод боллоо.


Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд 698 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, "Өлгийн мэргэчүүд" багийн харваач Нармандахын Алтансүх 40 сумаас 37 оносон амжилтаар түрүүлж “Улсын мэргэн” цол хүртсэн.


Харин урианхай сурын харваанд 330 харваач оролцсоноос тус аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер Тавхиагийн Галхүү 24 оноогоор тэргүүлэн, “Улсын мэргэн” цолны эзэн болсон билээ.


Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын 2024 оны 604 дүгээр захирамжаар үндэсний сурын Улсын мэргэн Нармандахын Алтансүх, урианхай сурын Улсын мэргэн Тавхиагийн Галхүү нарын цолын мялаалга наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтохоор ахлуулан байгуулсан юм.  


Тус ажлын баг бэлтгэл ажлаа хангасны үндсэнд мялаалга наадмыг Өлгий хотын Сурын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.


Наадамд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавал, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Сурын холбооны тэргүүн С.Алтанцоож, Монголын Урианхай сурын холбооны нарийн бичгийн дарга Болбаатар, Монголын Үндэсний сурын холбооны нарийн бичгийн дарга Нямбаяр нарын хүмүүс оролцов.


Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ-аас Улсын мэргэн Н.Алтансүх, Т.Галхүү нарын амжилтыг талархан үнэлж, тус бүрийг нь 20 сая төгрөгөөр мялаасан ба батламжийг нь наадмын нээлтийн үеэр гардууллаа. 

Холбоотой мэдээ