ӨВӨРХАНГАЙ: Нэгдүгээр ангид 2290 хүүхэд элсэн суралцахаас 1463 хүүхдийн бүртгэл баталгаажжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 34 сургуульд 24 мянга орчим сурагч суралцана.
Үүнээс 2290
хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах ёстой ч 1463 хүүхдийн бүртгэл баталгаажжээ.
Нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар бүртгэсэнтэй холбоотойгоор зарим эцэг,
эх хүүхдээ бүртгүүлж чадаагүй байна. Гэсэн ч харьяа сургуульд нь цаасаар
бүртгэн авч байгаа юм.
СӨББ-ын үндсэн болон хувилбарт сургалтад 6826 хүүхэд бүртгэлтэй байна.
Өнгөрсөн жилээс эхлэн ЕБС-д хамран сургах тойргийг тогтоож өгсөн. Үүнтэй холбоотойгоор Арвайхээр сумын лаборатори "Мэргэд", "Тэмүүлэл-Эрдэм", Хархорин сумын "Гүнзгий" зэрэг сургуульд шилжих хүүхдийн тоо эрс нэмэгдэж, ачаалал үүсгээд байгаа юм. Улсын топ сургуулийн жагсаалтад багтсан дээрх сургуулиудад хүүхдээ сургахын тулд эцэг, эхчүүд хаягаа шилжүүлэн зохиомол ачаалал үүсгэж, нэг анги дунджаар 45 хүүхэдтэй болоод байна.
Түүнчлэн засаг захиргааны нэгжид айл өрхийн хаягийг буруу бүртгэсэнтэй холбоотойгоор хөрш айлын хүүхдүүд хоёр өөр сургуульд харьяалагдаж, үүнийг дагасан зөрчил, бухимдал үүсэж байгааг аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Мөнгөншагай хэлж байв.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуульд 1316, цэцэрлэгт 257 багш сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулна. Одоогоор 11 суманд цэцэрлэгийн багшийн орон тоо дутагдалтай байна.