БАЯНХОНГОР: Галуут, Баянговь, Баянлиг сумын бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-08-29 09:34:12

Баянхонгор, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тооцоолол гаргажээ. Ингэхдээ баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолсон байна. 


Зуншлагын байдлыг наймдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлжээ. Тооцооллоор өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарсан байна. 


Баянхонгор аймгийн ихэнх сум бэлчээрийн даац хэтэрч гарсан бөгөөд олон дахин хэтэрч (улаан) гарсан сумд ч байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр сумын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан бол Галуут, Баянговь, Баянлиг сум олон дахин хэтэрч гарчээ. 


Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсэж, мал бэлчээрлэх боломжгүй болдог. 


Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг ажлыг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад бэлтгэж байна. 

Холбоотой мэдээ