Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах шугам хоолойг Засаг даргын нөөц хөрөнгөөр хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүсчээ.
Улмаар Эрдэнэтолгойн гудамжны уулзвараас “Газарчин” дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдэрсэн нь тээврийн хэрэгсэл зорчиход нэлээд хүндрэл учирсан. Тэгвэл дээрх авто замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч компанийг наймдугаар сарын 30-нд шалгаруулахаар болжээ.
Тиймээс Геодези, усны барилга байгууламжийн газарт авто замын засварын ажил эхлэхээс өмнө хөрсний усыг зайлуулах ажлыг Засаг даргын нөөц хөрөнгөөр шуурхай хийхийг, мөн Авто плазагаас “Хангай” хотхон хүртэлх авто замын инженерийн шугам сүлжээний системийн зураг төслийг гаргахыг хотын дарга Х.Нямбаатар даалгасан байна.
Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын
дарга Б.Бямбасайхан “Баянзүрх дүүргийн 10, 24 дүгээр хороо, Амгалан, Шархад,
Эрдэнэтолгой орчмын нийт дөрвөн байршилд булаг ундарсан. Хөрсний усыг
шийдэхгүйгээр шинээр газар ухан авто зам хучвал ахин өөр газраас ус ундрах
эрсдэлтэй. Уг байршлуудад ус зайлуулах шугам анхнаасаа хийгээгүй. Иймээс
инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Эхний
ээлжид авто замыг иргэд зорчиход саадгүй болгохын тулд хөрсний усыг хүлээж авах
шүүрт худгууд хийн, хамгийн ойр байрлах хөрсний усны шугамд холбоно” гэв.