Монголын рок, поп ертөнцийн залуу од

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-13 09:15:09

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Одоогоос 14 жилийн өмнө дуу бичлэгийн студид ажиллаж эхэлснээр урлагийн “гал тогоо”-нд албан ёсоор орж ирснээ тэрбээр дурссан байдаг.


Түүнээс  гурван жилийн дараа нь “Ocean Grey” дуу, бичлэгийн студийг найзтайгаа хамтран байгуулж, 2017 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн тэрбээр өнөөдөр Монголын рок, поп ертөнцөд өөрийн өвөрмөц хоолой, хэв маягаараа тод ялгарсан уран бүтээлч болжээ. Наки гурав, дөрвөн настай байхдаа л хөдөө эмээ, өвөөгийндөө уртын дуу дуулдаг байж. Жаахан том болоод “Жороо баахан улаан” ардын дууны нэг бадгийг өдөр, шөнөгүй л дуулдаг байсан нь урлагийн замд бэлтгэгдэх анхны алхам болсон гэж хүүхэд насаа өхөөрддөг ажээ. Дуулах, бүжиглэх, хөгжимдөх, хөгжим зохиох, продюсерлэх зэрэг тал бүрийн авьяастай дуучин Наки буюу Б.Нацагдоржтой ярилцлаа.


-Урилга хүлээж авсан танд баярлалаа. Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах нэрийг өөрөө олдог гэсэн эртний мэргэн үг бий. Таныг Наки гэж монголчууд дуудах дуртай. Харин бүтэн нэрийг тань мэдэх хүн цөөн байх. Өөрийгөө уншигчдад товчхон танилцуулаад ярилцлагаа эхлүүлэх үү?

-Маш их баярлалаа. Биднийг бага байхад л дуудах нэрийг тань аав, ээж нь өгсөн бол дуурсах нэрийг өөрөө олж явдаг шүү. Тиймээс хаана ч явсан нэрээ бодож яваарай гэж захидаг байсан. Дуудах нэрийг маань аав, ээж минь өгөхдөө Нацагдорж гэж нэр хайрласан. Би Завхан аймагт төрсөн хүн. Хутагт, хувилгаадын нутагт төрсөн болохоор аав, ээж минь бурхны нэр өгсөн юм билээ. Харин уран бүтээлийн карьераа эхлүүлснээс хойш Наки гэдэг нэртэй болсон. Энэ нэрийг би өөртөө бодож олсон юм. Бусдаас ялгарахын тулд энэ нэрийг олсон чинь Японы анимэйшн, Арабын зохиолд байдаг нэр байсан.


-Тантай би анх удаа уулзаж байна. Хоёулаа урлагаас нэг их халихгүй ч чөлөөтэй сайхан ярилцъя. Ойрд нам гүмхэн байх шиг. Шинэ уран бүтээл дээрээ суугаад байна уу, эсвэл продюсер, хөгжмийн зохиолчийн ажлаа хийж байна уу?

-Өнгөрсөн жил монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист тойрон аялсан. Ингэхдээ үндэстний түүх, соёлтой танилцаж, биеэрээ мэдэрч, Монголынхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардыг гайхан биширч байгаа өнгө аястай “Эртний сайхан” дууны клипийг хийж, Цагаан сарын үеэр олон нийтэд цацсан. Энэ нь сүүлийн хоёр, гурван жил төсөл хэлбэрээр хийсэн томоохон ажил маань байлаа. Коронавирусийн хөл хорионы үед гэртээ бүтэн цомгийн хэмжээний дуу хийсний нэг нь “Эртний сайхан” юм. Энэ бол Чингис хааны үеийн төрийн дуу гэгддэг байсан уртын дуу бөгөөд үүнээс би санаа авсан хэрэг. “Энэ сайхан орондоо энх тунх, хэдэн мянган үеэрээ жаргаж амьдраарай” гэсэн агуулгыг нь авч хийсэн дуу юм. Дараа нь хүүхдүүддээ зориулж, дуу хийлээ. Энэ дуу маань удахгүй гарах хоёр дахь цомогт маань орсон.

Би 2019 онд анхны цомгоо гаргасан юм. Түүнээс хойш таван жилийн дараа хоёр дахийг нь гаргаж, энэ зун нээлтээ хийхэд бэлэн боллоо. Цомог маань 15 дуутай байна. Хийлч Дээгий эгчтэй хамтран “Гийгүүлээч” нэртэй дуу бичсэн. Эмэгтэй хүн амьдралыг, гэр бүлээ гийгүүлдэг гэсэн утгатай дуу юм. Хайрын дуу нь зонхилсон, нүүдэлчин поп соёлыг хослуулсан цомог болж байна даа. Уран бүтээлийн сонин сайхан гэвэл иймэрхүү.


-Накигийн дууны дийлэнхийг хайрын сэдэвтэй бүтээл эзэлдэг. Эх орон, ээж, аавын тухай дуу хэр олон бэ. Магадгүй би мэдэхгүй, сонсоогүй байж болох юм?

-Яг үнэнийг хэлэхэд 99 хувь нь хайрын дуу шүү. Сүүлийн үед захиалгаар ээжийн тухай нэг дуу, найзын тухай дуу хийжээ. “Эртний сайхан” дуу маань бол “Монголд тавтай морил” гэсэн утгатай дуу шүү. Сүүлийн жилүүдэд манай улсад аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, гадны залуус монгол оронтой танилцахаар их ирэх болжээ. Тэр утгаараа “Эртний сайхан” бол монгол өв соёл, зан заншлыг танилцуулсан дуу гэж ойлгож болно.  Ер нь бол, би өөрийн үнэ цэнтэй гэсэн бүхнээ л дуугаар илэрхийлэхийг зорьдог. Тиймээс зүрх сэтгэлээс ундарч байгаа их хайрыг магтан дуулахгүй байхын аргагүй юм. Гэхдээ мэдээж Монголын сайхан орон, аав, ээжийгээ магтан дуулсан бүтээл цаашид хийнэ, орхигдуулахгүй.


-Багадаа айлын найранд очиж уртын дуу дуулдаг байсан гэсэн. Танд уртын дууг хэн зааж өгдөг байв?

-Өөрийнхөө сонсголоор л сурсан даа. Гэхдээ бүтэн бадаг биш ээ. Нэг, хоёр бадгийг нь цээжилчихнэ. Тэгээд л өвөө, эмээг дагаж айлын найранд их очно. Очих айл бүрдээ дуулж өгдөг байв. Уртын дуу, ардын дуу гээд л... Хуучны орос машины кабинд суухад хуурцгаар дандаа л Адарсүрэн, Цэрэнчимэд гэх мэт хүмүүсийн ардын дуу явдаг байсан шүү дээ. Нэг, хоёр сонсоод л өөрийн эрхгүй амандаа аялаад сурчихсан явдаг байлаа.


-Хэр эх оронч үзэлтэй вэ?

Өсвөр, оюутан насандаа гадны поп одуудыг дуурайхыг эрмэлздэг байлаа шүү дээ. Хувцаслалт, үс засалт гэх мэтээр дуурайхгүй зүйл гэж үгүй. Аль болох гадаад соёлоос суралцахыг эрмэлздэг байлаа. Монголынхоо соёлын талаар, жаран жаранд дуулагдах ардын дууныхаа сайхныг ойлгохгүй байсан байна шүү дээ. Гэтэл урлагийн салбарт удаан хугацаанд ажиллаад, төлөвших насандаа ирэхээр эх оронч үзэл, эх орны үнэ цэнийг гүн ойлгож, Монголынхоо өв соёлыг илүү мэдэх гэж хичээх болж эхэлж байгаа юм. Тиймээс түүхээ судалж эхэлсэн. Судлахын хэрээр түүх өөрөө баялаг болж байна. Түүнээс биш өмнө нь Майкл Жексон, Фредди Меркури зэрэг алдартан шиг болохыг мөрөөддөг байлаа шүү дээ.


-Түүх судлал дотроо олон янз. Монголчуудынхаа ямар түүхийг түлхүү уншиж байна вэ?

-Их болон бага хаадын түүхийг илүү судалж байна. Батмөнх даян хаан, Лигдэн хааны тухай уншиж байна. “Манан будан” романаас Галдан бошигтын тэмцлийн тухай уншлаа.


-Монгол орноо тойрон аялан тоглоход юу нь таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг вэ. Монголын байгалийн үзэсгэлэн, нутгийн иргэдийн зочломтгой зан, тэдний өвлөн уламжлуулж яваа өв соёл, зан заншил гэх мэтээр гайхашруулах, сэтгэл хөдөлгөх зүйл олон бий дээ?

-Тэгэлгүй яах вэ. Монголын тал нутаг, түүн дээр оршин тогтнож байгаа хүмүүсийн байгальтай холбоотой амьдарч буй хэв маяг надад хамгийн их таалагддаг. Бусад оронд ийм байгаль, тэнгэр шүргэм уул ус байдаг ч монгол оронд маань байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч буй нутгийн иргэдийн зан заншил цаанаасаа өөр байдаг юм билээ. Өмсөж зүүсэн нь ч, хүүхдээ сургаж буй ахуй нь ч бие биеэсээ ялгаатай. 21 аймаг бүгд өөр өөрийн гэсэн соёлтойг харахад бахархмаар шүү.


-Аялах дургүй хүн гэж юу байх вэ. Хэр их аялж байна вэ?

-Нуулгүй хэлэхэд, сүүлийн үед аялах хоббитой болж байна. Дуу, хөгжмөө олонд хүргэх нь бидний ажил. Тэр утгаараа монгол орны өнцөг булан бүрд, дэлхийд тархсан монголчууддаа дуу хөгжмөө хүргэх ёстой гэж боддог. Тиймээс аяллыг ажилтайгаа хослуулаад явж байна. Аялах сайхан шүү дээ. Зав гарвал залуу байгаа дээрээ аялаарай гэж хэлэх дуртай. Эхлээд эх орноо тойрон аял. Монголоо таньж, мэдэж ав. Дараа нь, гадаад руу аялахад огт оройтохгүй.


-Уран бүтээлчид, спортынхон зав чөлөө багатай гэж ярьдаг шүү дээ. Танд чөлөөт цаг хэр гарч байна вэ. Чөлөөт цагаараа юу хийх сонирхолтой вэ?

-Би бол чөлөөт уран бүтээлч хүн. Өөрөө ажлын цагаа төлөвлөдөг. Ажил, амьдралаа өөрөө зохицуулдаг учраас чөлөөт цаг хангалттай гардаг. Угаасаа би цагт баригдах дургүй. Чөлөөт цагаа найз нөхдөдөө, гэр бүлдээ зориулах дуртай. Ялангуяа, миний хамгийн их үнэ цэнтэй юм бол гэр бүл маань учраас тэдэндээ цаг заваа зориулж байхыг хичээдэг.


-Үндсэн мэргэжил тань хөгжмийн найруулагч. Өөрөө хөгжмөө бичиж, дуулдаг. Энэ нь бусдаас илүү олон давуу талыг танд олгодог уу?

-Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд би суралцдаг байлаа. Тухайн үед Ганчимэг багшаараа дуулах техникийг маш сайн заалгасан. Тэр нь өнөөдөр миний амьдралд маш их хэрэг болж байна. Миний давуу тал болж байна гэхэд хилсдэхгүй. Миний багш бол маш авьяастай хүн. Багш маань тэр их авьяас, мэдрэмжээсээ харамгүй заасан. Дараа нь СУИС-д дуулаачаар суралцах бодолтой байсан ч, дуулах суурь нь надад байсан учраас өөрийнхөө дууг зохиож, найруулах хүсэл маань давамгайлсан. Тиймээс дууны найруулагч  мэргэжлийг сонгосон л доо. Олон мундаг хөгжмийн зохиолчоор онол, практикийн хичээл заалгасны ачаар өнөөдөр зөвхөн өөрийнхөө гэлтгүй Монголын сор болсон олон шилдэг дуучны хөгжим, хөгжмийн найруулга дээр ажилласан байна.


-Уран бүтээлчид онгодоо хөглөх гэж олон янзын үйлдэл хийж харагддаг. Угсруулж тамхи татах, аялах, хөгжим сонсох, сонгодог орчин бий болгох гэх мэтээр. Та ямар үед онгодтой ажилладаг вэ?

-Сэтгэл санаа тайван, сайхан үед онгод ордог. Баярт үйл явдал, гүн сэтгэгдэл төрүүлэх орчин надад хөг нэмдэг. Ийм үед хөгжим бичих дуртай. Энэ бүхэн бол онгодын нэг хэсэг юм.


-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилж, “Яг түүн шиг” шоунд оролцсон үе рүү тань шилжмээр байна. Энэ шоуны дараа таны сонсогч, үзэгчдийн хүрээ улам илүү тэлсэн байх гэж бодогддог. “Яг түүн шиг”-т хэрхэн оролцож байсан тань сонирхолтой санагдлаа. Энэ тухайгаа ярьж болно биз дээ?

-Дэлхийн олон оронд амжилттай хэрэгжсэн шоу шүү дээ. Харин Монголд “Боловсрол суваг” телевизийнхэн оруулж ирсэн. Монголчууд хэн нэгнийг дуурайх тал дээр авьяастай шүү дээ. Түүнийг нь тодруулах зорилготой шоу байсан. Хүүхэд үеийнхээ мөрөөдлийг бодит болгох боломжийг энэ шоу надад өгсөн. Хэрвээ энэ шоунд ороогүй бол би Майкл Жексон болохгүй л байсан. Уг шоу намайг олон нийтэд таниулсан. Шоу дууссаны дараагаас би уран бүтээлдээ илүү анхаарах болсон. Өмнө нь дандаа л дуучны хөгжмийн найруулга дээр ажиллаж, хөгжмийг нь бичдэг байлаа. Харин энэ шоунд оролцсоноор уран бүтээлчийн маань хувьд намайг 180 градус эргүүлсэн учраас  “Яг түүн шиг”-ийн нэг хэсэг болсондоо баярладаг.




-Шоуны үеэр хүмүүст хүргэсэн дүр бүхэн тань сайхан байсан. Гэхдээ таныг “Хуанжу Гэг” киноны V агь болгодог дугаар миний сэтгэлд тод үлджээ. Тэгвэл таны сэтгэлдээ тултал, яг түүн шиг байж чадсан дуучин хэн бэ?

-Таныг, намайг, биднийг хүүхэд байхад “Хуанжу гэг”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” гэх мэт Хятадын олон ангит кинонууд “мандаж” байсан үе шүү дээ. Нэг ч ангийг нь өнжихгүй үздэг байлаа. Тэр үед дууг нь сонсголоороо сурсан нь шоуны үеэр хэрэг болж байгаа юм. Хуурцагт бичиж аваад өдөр, шөнөгүй даган дуулдаг байсан. Дуунуудыг сонсголоороо галиглаж бичнэ. Тэгээд л дуулна шүү дээ.

“Яг түүн шиг”-ийн үеэр Америкийн домогт дуучин Уитни Хьюстен, Бейонсе, Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэр, “Хуанжу Гэг” V агьд хувирсан дүрүүд хүмүүст хамгийн их таалагдсан байдаг л даа. Харин би бол Майкл Жексонд хувирсан дүрдээ илүү их хайртай. Яагаад гэвэл, миний хүүхэд насны мөрөөдөл шүү дээ. Сайн хийсэн, муу хийсэн нь сонин биш. Миний сэтгэл дотор байдаг мөрөөдөл бодит болсон нь надад хамгаас чухал юм.






-Тэгвэл тэр үед хамгийн хэцүү дүр нь хэн байв?

-Мэдээж эмэгтэй хүний дүрд хувирах. Эмэгтэй хүний үйл хөдлөлийг дуурайж, хоолойгоор дуулахын сацуу бүжиглэх амар байгаагүй. Дэлхийн сор болсон эмэгтэйчүүдийг дуурайхын тулд асар их бэлтгэл, эрч хүч шаардсан.




-Хоёулаа “Олон улсын гэр бүлийн өдөр” уулзаж таарлаа. Тиймээс гэр бүлийн үнэ цэнийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Дөрвөн хүүхдийн аавын бодлоор гэр бүлийн үнэ цэн юун дээр оршин тогтнох вэ?

-Нэг эхнэр, дөрвөн хүүхэдтэй айлын өрхийн тэргүүн байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байж гэмээнэ гоё уран бүтээл ундарна. Өмнө нь таны асуусан онгодод гэр бүл ч хамаатай. Би гэр бүлдээ маш их хайртай. Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжиж, хайрлагдаж өсөж байгааг харах дуртай. Найз нөхдөөсөө, эргэн тойрноосоо юу сурч байгааг нь харах сайхан байдаг. Заримдаа болох, болохгүй үг сурна. Гоё дуу, шүлэг сурна. Энэ бүхнийг харж, сонсож таашаал авдаг. Хүүхдүүдийнхээ оролцсон урлагийн үзлэг, ангийн тайлан тоглолт зэргийг үзэх дуртай. Эцэг, эхийн хуралд нь хүртэл идэвхтэй оролцдог. Хүүхэд байхад энэ бүхэн утгагүй санагддаг байсан бол өөрөө аав болсноос хойш энэ бүхнийг ямар их утга, учиртайг бүрэн ойлгосон доо. Тиймээс хүүхдүүдийнхээ ангийн ажлаас хойш суух дургүй. Хүүхдийнхээ төлөө санал бодлоо хэлэх ёстой, үүрэг нь надад байна. Зун, өвлийн амралтаа гэр бүлээрээ хамтдаа байж, үр дүнтэй өнгөрүүлэхийг эрмэлздэг. Ялангуяа, зуны улиралд гэр бүлээрээ ханатлаа аялах сайхан шүү дээ. Энэ бол гэр бүлийн үнэ цэнийн багахан хэсэг. Нэгнээ ойлгох, хүүхдүүдтэйгээ ярилцахаас эхлээд үнэ цэнийг илтгэх олон хүчин зүйл бий.




-Хүн бүр хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэг. Та хүүхдээ ямар арга, хэлбэрээр хүмүүжүүлдэг вэ?

-. Одоохондоо миний хүүхдүүд сургууль, цэцэрлэгийнх учраас ямар нэгэн төлөвлөгөө огт гаргадаггүй. Хүнлэг байхыг илүүд үзнэ. Түүгээрээ хүүхдүүддээ үлгэрлэж, тэр тухай сэдвээр ярилцах сайхан байдаг. Тоглож байгаа тоглоомд нь оролцож, түүгээр нь дамжуулан хүмүүжүүлэх арга байна. Ер нь, хатуу зарчим барьдаггүй


-Та нэлээд гэрсэг хүн бололтой. Гэрээсээ хамгийн удаандаа ямар хугацаагаар холдож байв?

-Ер нь гэр амьтай. Гадаад явахдаа 14-21 хоног гэрээсээ хол байж үзсэн. Монголд төрсөн хүн гадаад явахдаа хамгийн түрүүнд эх орон, өссөн орчин, хоолоо санадаг болов уу. Би бол яг тийм хүн юм билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам өсөж төрсөн орчин илүү үнэ цэнтэй болдог. Монголын хоолны соёл нь өөрөө тансаг зэрэглэлд орохгүй байхын аргагүй, тийм хоолыг санахгүй байх ч аргагүй юм билээ.


-Таныг гадаадад очиход Монголын тухай асуудаг л байх. Та эх орноо хэрхэн сурталчилдаг вэ?

-Яг одоо байгаа нөхцөл байдлыг нь илүү сурталчилна. Монгол залуусын амьдралын хэв маяг ямар болсныг харуулахыг хүсдэг. Ер нь гадны орнуудаар аялахдаа урлаг соёл, хөгжмийнх нь урсгалын хөгжлийн чиг хандлагыг сонирхдог. Тухайн хөгжмийн урсгал хүмүүсийг яагаад хуйлруулж байна вэ гэдэг учир шалтгааныг олохыг хичээдэг. Америк мюзиклээр жуулчдын анхаарлыг татаж байна. Манай улс Чингис хаан, түүний есөн өрлөг, Хубилай хаан гэх мэт түүхэн хүмүүсийнхээ тухай мюзиклээр жуулчдыг татах бүрэн боломжтой. Энэ бол хөгжмийн найруулагч хүний мөрөөдлийн нэг хэсэг юм. “Тамгагүй төр” шиг “баян бүтээл” хиймээр байна. “Монголын түүх бүрэн судлагдаагүй байна. Судлагдвал бриллиант болно” гэж Н.Жанцанноров гуай хэлсэн байдаг. Энэ бол үнэн юм.


-Та мөрөөдлийнхөө аль хэсэгт явж байна вэ?

-Нараар зүйрлэвэл, өдрийн нарны хавьцаа явж байгаа болов уу. Үд дунд гэх нь зөв биз. Дуу хөгжимтэй ойр байна гэдэг нь надад хамгийн том бэлэг юм. Утга учиртай амьдралын нэг хэсэг нь дуу хөгжим. Үүнийгээ үр хойчдоо үнэ цэнтэйгээр нь үлдээе гэвэл өөрийн чадах бүхнээрээ энэ салбартаа хувь нэмэр оруулахыг хүсдэг. Үндэсний өв соёлоо орчин үетэй хослуулан дэлхийд сурталчлах нь миний том мөрөөдлийн нэг хэсэг. Тиймээс цаашид энэ чиглэл рүү уран бүтээлээ хийж, хөгжмөө бичихийг хүсэж, зорьж вна.


-Хүнлэг байхыг та юу гэж ойлгодог вэ, хүмүүсийг ямар байгаасай гэж боддог вэ?

-Соёл иргэншилт нөхцөлд орчноосоо үл шалтгаалсан амьдралын хэв маяг, байгалийн унаган зан чанараа битгий алдаасай гэж хүсдэг. Дэвшилтэт технологи, боловсрол, эрдэм мэдлэгээс шалтгаалдаггүй хүн чанараа олж харах нь учир утгатай юм. Энэ бол хүний хамгийн сайхан чанар. Үүнийгээ алдахгүй, унаган төрх, зан аашаа гоё ганган хувцас, өндөр боловсрол, хүчин чадалтай компьютер, гар утас, үнэтэй байр, машин зэргээс илүү эрхэм хүндтэйг байнга санаж амьдраасай гэж хүсдэг. Миний хувьд ч унаган зан чанараа алдахгүй байхыг хичээж, амьдралдаа мөрдлөг болгож явдэг.


-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Ярилцагч бүхэндээ төгсгөлийн асуулт үлдээдэг уламжлалтай. Танд хэлэхийг хүссэн зүйл байвал микрофон нээлттэй?

- Монголын хөгжмийн зах зээл хангалттай том биш, хэдэн зуун мянгаараа ирж үзэх соёл хараахан нэвтрээгүй байгаа ч ирээдүйд монгол дуу хөгжим дэлхийд гайхагдана. Тиймээс түүх соёлоо илүү судалдаг, мэддэг байгаасай. Түүнийгээ уран бүтээлдээ тусгаж, хөгжүүлэн сурталчлаасай гэж уран бүтээлч найзууддаа, дүү нартаа хэлье. Маш их баярлалаа.  





Холбоотой мэдээ