Д.Тунгалаг:Органик хүнс үйлдвэрлэгч болохын тулд орц найрлага нь цэвэр түүхий эд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ“Органик хүнсний тухай хууль” ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), ХХААХҮЯ хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган”-ыг зохион байгуулав.
Чуулганаар ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд “Органик хүнсний тухай хууль” болон холбогдох дүрэм журмыг танилцууллаа. Энэ үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Органик хүнсний асуудал харилцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтай уулзаж, зарим зүйлийг тодруулав.
-“Органик хүнсний тухай хууль” ирэх оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хүрээнд органик хүнс үйлдвэрлэгчид ямар шаардлага тавих вэ?
-“Органик хүнсний тухай хууль”-ийг энэ оны 4 дүгээр сард баталсан. Хууль хэрэгжихтэй холбоотой органик хүнсний салбарт хэд хэдэн шинэ өөрчлөлт, шаардлага бий болно. Тухайлбал, органик, байгалийн, байгалийн цэвэр гэсэн үг хэллэг бүхий шошготой бүтээгдэхүүнийг зах зээлээс татна. Эдгээр бүтээгдэхүүнийг хуулийн шаардлагад нийцүүлж, органик хүнс үйлдвэрлэх явцад Баталгаажуулалтын байгууллага болон МХЕГ-аас хяналт тавина. Үйлдвэрлэл амжилттай болсон тохиолдолд дээрх байгууллагуудад “Органик бүтээгдэхүүн” гэсэн баталгаажилт олгох юм.
-Баталгаажуулалт олгоход ямар шаардлага тавих вэ?
-Цэвэр усны үйлдвэрлэл дээр жишээ авъяа. БОАЖЯ, ХХААХҮЯ болон бусад байгууллагууд тухайн үйлдвэрт олон төрлийн шалгалт, судалгаа явуулна. Тухайлбал, ус авдаг худагны ойролцоо химийн бодис ашигладаг уурхай байгаа эсэх, тухайн усны голдирлыг өөрчлөхгүйгээр зохих хэмжээнд ашиглаж байна уу гэх мэт. Органик гэдэг бол цэвэр байгалийн гаралтай байх ёстой. Байгалийн найрлагыг нь алдагдуулбал органик биш болно. Тиймээс усанд цэвэршүүлэлт хийж байгалийн найрлага байгаа эсэхэд л шалгалт хийнэ.
-Зах зээл дэх бүтээгдэхүүнийг татахаар аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хүндрэл учрахгүй юу?
-Төрөөс бүх байгууллагыг органик үйлдвэрлэлд шилж гэж шаардахгүй. Үүнийг тухайн байгууллага өөрөө шийднэ. Органик хүнс үйлдвэрлэлд шилжихэд 2-3 жилийн хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МХЕГ болон холбогдох байгууллагуудаас органик хүнс үйлдвэрлэгч гэсэн баталгааг авахын тулд бүтээгдэхүүний орц найрлагаа цэвэр түүхий эдээр өөрчлөх шаардлага гарна. Түүндээ тохируулж тоног төхөөрөмжөө ч шинэчилнэ. Үүнтэйгээ уялдаад цаг хугацаа, санхүүгийн асуудал үүсэх байх. Тухайлбал, баталгаажуулалт хийхэд ойролцоогоор 1000 ам.доллар буюу 2 сая гаруй төгрөгийн зардал гардаг.
-Аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө импортлох шаардлага гарна. Тоног төхөөрөмж авахад нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөх зэрэг дэмжлэг үзүүлэх үү?
-“Органик хүнсний тухай хууль”-д органик хүнс үйлдвэрлэгчдийг санхүү, татварын бодлогоор дэмжинэ гэж заасан. Гэхдээ одоогоор хэрхэн дэмжлэг үзүүлэх нь тодорхой бус байна. Учир нь ус, мах, хүнсний ногоо гээд маш олон салбарыг хамрах тул нарийн судалгаа хэрэгтэй.
-Монгол Улсад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэдэн аж ахуйн нэгж байна вэ?
-Монгол Улсад органик хүнс үйлдвэрлэл байхгүй. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс л эхэлнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн бүтээгдэхүүнээ цэвэр органик хүнс гэж хэлэхэд эрт байна. Учир нь бүх үйлдвэрлэл хуулийн дагуу явах ёстой. Харин энэ салбарын хууль ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс тухайн үед Монгол Улсад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоо, бүтээгдэхүүний судалгаа тодорхой болно.
Мөн Монголын органик хүнсний үйлдвэрлэл олон улсын стандартад нийцэж байгаа эсэх талаар НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Орлогч суурин төлөөлөгч Кевин Д.Галлахераас тодруулав.
-НҮБ-ын ХХААБ-ын зүгээс Монголын органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, “Органик хүнсний тухай хууль” НҮБ-ын гишүүн орнуудтай ижил түвшинд явж байгаа. Бид Монголын ХХААХҮЯ-тай хамтран Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хөдөлгөөн байгуулах, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэдээллийн санг байгуулах ажлыг хийж байгаа. Цаашдаа органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийн боловсон хүчнийг сайжруулах чиглэлээр сургалт судалгаа явуулах хэрэгтэй. Бид бүхэн энэ ажилд туслалцаа үзүүлнэ.
-Одоогоор Монгол Улсад албан ёсоор органик хүнс үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж байхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Гэвч монголчууд өөрсдийгөө мал аж ахуй, газар тариалангийн хувьд харьцангуй органик хүнс үйлдвэрлэгч гэж үздэг?
-Органик хүнс үйлдвэрлэг аж ахуйн нэгжүүдийг тогтоох журам боловсруулж байгаа. Дээр дурьдсан мэдээллийн санг байгуулж, аж ахуйн нэгжийг бүртгэснийхээ дараа үйлдвэр дээр нь очиж боловсруулсан дүрэм, журмынхаа дагуу шалгалт хийнэ. Ингэснээр Монголын органик хүнс үйлдвэрлэгчдийн жагсаалт гарах юм. Дүрэм, журам, стандартад нийцүүлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд “Органик бүтээгдэхүүн” гэсэн лого ашиглах зөвшөөрөл өгнө.
-НҮБ-тай хамтарч боловсруулж байгаа учраас дүрэм, журам олон улсын стандартад нийцсэн байгаа байх?
-Монгол Улсад боловсруулж байгаа дүрэм журам олон улсын хэмжээнд тавих шаардлагуудтай төстэй. Ер нь бол төмс, хүнсний ногоонд химийн бордоо хэрэглэхгүй байхаас эхлээд хүнсий аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон ажил тусгана. Мах, газар тариалан гээд олон салбар хамрах тул туйлын амаргүй ажил.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал