ДУНДГОВЬ: "Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба хамтын ажиллагаа" сэдвээр хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-өөс
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийг өнөөдөр
аймгийн Ахмадын ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн
ЗДТГ, ХХААГ, Их газрын чулуу байгалийн цогцолбор газар, Мандалговь нисэх
буудал, ОБГ, БОАЖГ-ын төлөөлөл, УЦУОШТ-ийн ажилтнууд болон Улаанбаатараас Соёлын
гавъяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн урилгаар оролцжээ.
Энэ үеэр Уур амьсгалын
өөрчлөлт, цаашдын төлөв, байдал, Бэлчээрийн төлөв байдал, Цаг агаар, уур
амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуйн салбарын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байна вэ, Цаг
агаарын аюултай үзэгдлээс гарч буй хохирол, авч байгаа арга хэмжээ, Уур
амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр хийж буй ажил, Их газрын чулуу
байгалийн цогцолбор газрын амьтан, ургамлын судалгаа, Нислэгт цаг агаарын
мэдээ, мэдээллээр үйлчлэх нь сэдвүүдээр холбогдох байгууллагуудаас илтгэл
тавьж, мэдээлэл хийсэн.
Дундговь аймгийн нутгаар
2003-2004 онд нийт 1503 удаагийн аюултай үзэгдэл ажиглагдсаны 52,3 хувь нь
хүчтэй салхи, шороон шуурга, цасан шуурга, 47,8 хувь нь гэнэтийн буюу богино
хугацааны мөндөр, нөөлөг салхи байжээ.
Хүчтэй салхины тархалтыг сумаар нь авч үзвэл Сайнцагаан суманд 476, Гурвансайхан суманд 458 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон байгаа бол хамгийн цөөн нь Дэрэн суманд 92 удаагийн хүчтэй салхи тавьсан байна. Харин цасан шуурганы тархалтын хувьд мөн Сайнцагаан суманд хамгийн олон удаа, Өлзийт суманд хамгийн цөөн тохиолдол бүртгэгджээ.
УЦОШТ-ийн дарга
Э.Азжаргал тавьсан илтгэлдээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хавар намрын
улиралд нөөлөг салхины тоо нэмэгдэж байгааг онцолсон.
Хуурайшилтын улмаас
газрын өнгөн хөрснөөс салхины үйлчлэлээр тоос, шороо их хэмжээгээр агаарт
дэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тоос шороо хэдэн зуун метрийн өндөрт
тархан их хэмжээний газар нутгийг хамардаг энэхүү үзэгдэл 2011 оноос хойш
ажиглагдах болжээ. 2012 онд ийм нөөлөг салхины тохиолдол 13 удаа болж байсан
бол 2020 онд хамгийн их буюу 142 удаа гарчээ.
Харин бэлчээрийн төлөв
байдлын хувьд жилээс жилд байгаль унаган төрхөө алдаж, өөрчлөгдөж байгааг
УЦУОШТ-ийн ХАА-н инженер Б.Болортуяа танилцууллаа. 2016 онд Дундговь аймгийн
нийт бэлчээрийн 24,2 хувь нь унаган төрхөө хадгалж үлдсэн байсан бол 2023 оны
судалгаагаар 7,5 хувь болж буурчээ.
Хэлэлцүүлгийн явцад цаг агаарын урьдчилан сэргийлэх, ялангуяа аюулт үзэгдэл болох тухай мэдээллийг иргэдэд бүх сувгаар түргэн, шуурхай хүргэдэг байх, гамшиг ослын үед ажиллах хүн хүч, бэлэн байдлыг хангах, малчдыг мэдээлэлжүүлэх, хариуцлагажуулах, сургалт сурталчилгааг сайн зохион байгуулах, гамшиг, аюулт үзэгдэл болохоос өмнө урьдчилан төлөвлөх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ажлыг аймгийн бодлого, шийдвэрт тусгуулан хэрэгжүүлэх зэрэг санал гарлаа.