18 хүртэлх насны Монголын шигшээ баг 12 жилийн дараа ААШТ-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын U18 насны шигшээ баг ирэх сарын 2-7-нд Йорданы нийслэл Амман хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Манай улс хамгийн сүүлд энэ тэмцээнд 2012 онд өрсөлдөж байлаа. Тус тэмцээнийг тухайн үед Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд Монголын шигшээ багийнхан эзэн орны эрхээр анх удаа Азийн шилдгүүдтэй өрсөлдөж байв. Тэгвэл үүнээс хойш 12 жилийн дараа дахин тивийн аваргад оролцохоор болсон нь энэ юм.
2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 16 баг өрсөлдөнө. Өчигдөр гарсан сугалаагаар, манай залуус “А” хэсэгт Австрали, Тайвань, Ливан улсын хүчирхэг багтай таарчээ. Монголын баг эхлээд Австралийн шигшээтэй есдүгээр сарын 2-нд тоглоно. Харин 3-нд Тайванийн багтай, 4-нд Ливаны багтай тоглох хуваарь гарчээ.
Энэхүү тэмцээнд манай улсаас ажиллах олон улсын шүүгч Г.Ганбаярын томилолт ФИБА-гаас ирсэн байна.