Монгол, Филиппин улстай спортын салбарт хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-05 15:18:06

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хэд хэдэн баримт бичгийг талууд байгуулав.


Санамж бичгүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар гарын үсэг зурав. Тухайлбал, Монгол, Филиппиний Гадаад харилцааны яам хооронд 2013 онд байгуулсан санамж бичгийг шинэчилж, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүллээ. Ингэснээр хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбарууд болох гадаад харилцаа, соёлын солилцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсрол зэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, энэ үйл хэрэгт Гадаад харилцааны яамдын оролцоог хангахаар талууд тохиролцлоо.

 

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамныхан Филиппиний Спортын хороотой харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зурлаа. Хоёр орны спортын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг анх 2013 онд байгуулсан бөгөөд спортын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор шинэчилсэн байна. Энэ хүрээнд олон улсын болон үндэсний тэмцээнд оролцож, багш, дасгалжуулагч, тамирчдыг харилцан солилцож, найрсаг тэмцээн зохион байгуулахаас гадна спортын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах юм. Зүүн Өмнөд Азийн бүс нутагтаа спортын чиглэлээр, тэр дундаа сагсан бөмбөг, боксоор олон улсын түвшинд чамгүй амжилтыг гаргадаг Филиппинтэй биеийн тамир, спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь олон талын давуу талтай бөгөөд залуу үеийн спортын авьяасыг илрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийг зорино.



Холбоотой мэдээ