Гаитид 1 сая тун холерын вакцин илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-10-12 08:37:13

ДЭМБ. /Reuters/. Өнгөрсөн долоо хоногт “Мэтью” хар салхинд нэрвэгдсэн Гаити улсад холер буюу булчин задрах тахлын нэг сая тун вакцин илгээнэ гэдгээ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

Карибын тэнгисийн тус улсыг хар салхи дайран өнгөрснөөс хойш булчин задрах тахал туссан 200 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.

2010 онд 200 мянга гаруй хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлт болсноос хойш тус улсад булчин задрах тахлаар 9300 орчим хүн нас барж, 80 мянга орчим хүн тахлын халдвар авсан нь тогтоогдсон байна.

Өнгөрсөн долоо хоногт хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас тус улсад эрүүл ахуйн нөхцөл байдал дордож, холерын тархалт газар авч болзошгүй гэж ДЭМБ-ын албаны хүмүүс түгшиж байна.

“Мэтью” хар салхины улмаас Гаитид 800 гаруй хүн амиа алдаж, 240 гаруй хүн гэмтэж бэртсэн бол 175 мянга орчим хүн хоргодох байранд амьдарч байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ