“Боинг”-ийн шинэ гүйцэтгэх захирлыг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2024
оны наймдугаар сарын 1 /VOA/. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компани лхагва гарагт шинэ гүйцэтгэх захирлаа танилцуулжээ. Тус компани энэ оны
хоёрдугаар улиралд 1.4 тэрбум ам.долларын
алдагдал хүлээснээ мөн мэдэгдсэн байна.
Ирэх лхагва гаргаас эхлэн уг албан тушаалыг “Rockwell Collins” агаар сансрын технологийн компанийн гүйцэтгэх захирал асан Келли Ортберг хаших бөгөөд тэрбээр хүнд бэрх цаг үеийг туулж буй компанийг дахин хөл дээр нь босгож чадна хэмээн найдаж байна.
Энэ оны нэгдүгээр сард “Аляска Эйрлайнс” компанийн “737 Max 9” онгоц нислэг үйлдэж байх үед ослын хаалга нь салж унаснаас хойш “Боинг” компани хэд хэдэн асуудалтай тулгарсан юм. Уг хэрэг явдлын дараа компанид хатуу хяналт шалгалт хийж эхэлжээ. Түүнчлэн 2018, 2019 онд нийт 346 хүний амь насыг авч одсон “737 Max 8” загварын онгоцнуудын ослын дараа “Боинг” компани луйврын хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар нэгдүгээр сард болсон ослын дараа “737 Max” онгоцыг үйлдвэрлэхэд хязгаарлалт тогтоож, сард дээд тал нь 38 онгоц үйлдвэрлэхийг зөвшөөрчээ. “Боинг”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Кэлхун энэ оны эцэс гэхэд албан тушаалаасаа огцорно гэдгээ гуравдугаар сард зарласан юм. Тус компани лхагва гарагт мөн “хүнд хэцүү улирал”-д учирсан алдагдлын талаар мэдээлсэн байна.
Д.Кэлхуны халааг авах хүнийг олон сарын турш хайсны
эцэст К.Ортбергийг сонгожээ. “Боинг” компанийн ТУЗ-ийн дарга Стив Молленкопф хэлэхдээ, К.Ортберг бол “Боинг”-ийг
дараагийн эрин үед удирдаж чадах ур чадвартай, туршлагатай хүн гэж тодорхойлсон байна.