М.Энхбаатар:Мал мах бэлтгэх стандарт байдаг ч түүнийг хэрэгжүүлдэг газар байдаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-11 21:03:52

Намрын мах бэлтгэлийн ажил ид эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг дахь “Дархан меат пүүдс” ХХК-ийн захирал М.Энхбаатартай ярилцлаа.

-Үйлдвэрийнхээ тухай танилцуулгаас ярилцлагаа хэлэх үү? 

-Манай компани анх 2009 онд Дархан-Уул аймагт мал, мах бэлтгэж малын махаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар байгуулагдсан. Бид зам болон авто тээврийн сүлжээнд холбогдсон мал туувар бэлчээрийн даац сайтай газар байршсан гэж үздэг. Түүхий эд бүтээгдэхүүнээ орон нутгаас брокеруудаараа дамжуулж авдаг. Брокерууд маань орон нутагт малчидтайгаа харилцаж тэндээс авсан малаа тууврын замаар болон авто машинаар тээвэрлэж авч ирж эндээ нядалж боловсруулдаг. Энэ жилийн хувьд манай үйлдвэрийн нядалгаа есдүгээр сараас эхэлсэн. Бүтээгдэхүүнээ Хятад, ОХУ болон дотоодынхоо зах зээлд нийлүүлж байна. Мал тарган байх үед нь мал махаа бэлтгэдэг. Үйлдвэрийн хувьд одоогийн байдлаар 150 гаруй ажиллагсадтайгаар хоногт 1000 бог, 250 бод нядалж бэлтгэх хүчин чадалтай үйлдвэр. Одоогоор хүчин чадлынхаа 70 гаруй хувийг ашиглаж байна даа.

-Малаа энэ жил хаанаас яаж бэлтгэж байна вэ? Хөдөө аймаг болгоноос авдаг уу?

-Мал бэлтгэхдээ өвчингүй бүсээс бэлтгэх ёстой байдаг. Гадаадад экспортлох учраас баруун таван аймгийн хувьд БНХАУ-ын Хорио цээрийн албанаас тогтоосон таван бүс нутгаас бэлтгэж байна. ОХУ-ын хувьд гэвэл 8-9 хэсгээс бэлтгэхээр болсон байдаг. Ер нь баруун таван аймгаас авчран үйлдвэртээ оруулж байгаа.

-Үйлдвэр чинь энэ жил хэчнээн тонн мах бэлтгэх төлөвлөгөөтэй вэ?

-Энэ жилийн төлөвлөгөөний хувьд гэвэл жаахан тасарсан байдалтай байна. ОХУ-д 2500 тонн адууны мах, 3000 тонн үхрийн мах нийлүүлэхээр гэрээ хийсэн. Янз бүрийн шалтгаанаар багахан саатах байдалтай байна. БНХАУ руу мах нийлүүлэхийн хувьд тэдний Хорио цээрийн алба Монголоос мах авахыг түр хугацаагаар хаачихлаа. Энэ нь баруун бүс буюу Ховд аймагт гарсан малын мялзан, цэцэг өвчин гарсантай холбоотой хорио  хэзээ тавигдах нь тодорхойгүй энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл алга.

-Ер нь махны үйлдвэрлэлийг яаж хөгжүүлвөл зүгээр вэ? Төрөөс баримтлах бодлого нь ямар байвал болох вэ? Яг махны үйлдвэрлэл эрхэлж яваа хүний хувьд таны бодол?

-Энэ талаар төрөөс багагүй арга хэмжээ авч байгаа л даа. Үүнд хоёр хөршөөс гадна Вьетнам улсад мах нийлүүлэх зөвшөөрөлтэй болж байгаа зэрэг нааштай алхмуудыг хийж байна. Дөнгөж саяхан ОХУ-ын “Таможные союз” гэдэг байгууллагаас ирж Монголын махны үйлдвэрүүдийг аттестатчлалд орууллаа. Үр дүн нь энэ сарын дундуур гарвал манай улс мах махан бүтээгдэхүүнээ гурван улсад гаргах бололцоотой болно. Цаашид төр засаг үүнд нэгдсэн нэг бодлого гаргаж ялангуяа мал эмнэлэг үржлийн албадад анхаарч төсөв мөнгө гаргаж малаа эрүүлжүүлснээр махаа гадаадад экспортлох өргөн боломж нээгдэнэ. Энд өөрийн саналаа хэлэхэд төрөөс мах хөтөлбөр хэрэгжүүлэх цаг нь болсон. “Атрын гуравдугаар аян”, “Ногоон хувьгал”, “Ноос” үр тариа хөтөлбөр гээд хэрэгжсэн. Мах хөтөлбөрийг хэрэгжүүлбэл мах бэлтгэлээс гадна малаа эрүүлжүүлэхээс өгсүүлээд ач тус их. Үйлдвэрүүд нь хэчнээн сайхан болсон байлаа л малаа эрүүлжүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнээ экспортлоход хүндрэлтэй. Мал нь эрүүл эсэх, гарал үүсэл нь тодорхойгүй тохиолдолд эргээд түүнийгээ магадлаж болдоггүй. Гадаадынхан ээмэгжүүлэлт гэж их ярьдаг нь тухайн мал хэнийх, хаана аль аймаг сум, ямар угшилтай, хэдэн сард ямар вакцин хийсэн зэрэг нь тодорхой байх ёстой гэсэн үг. Цаашдаа малаа тоо толгойнх нь хувьд биш ашиг шим өндөр, махны чиглэлээр өсгөх хэрэгтэй юм. Үүнийг сүүлийн хориод жилд бүр орхисон. Социализмын үед малаа эрүүлжүүлэх ажил эрчимтэй хийгддэг байсан шүү дээ. Сая Ховд аймагт малын цэцэг өвчин гарч түүнийг олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу мэдэгдэж зарласан ингэж зарлачихаад орхичихлоо. Нэгэнт мэдэгдсэн нь л юм чинь араас нь тасралтгүй ажиллаж эрүүлжүүлээд буцаад эрүүл болсон гэдгийг нь хэлж мэдэгдээд мах экспортлох ажлаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Бид нэгэнт бэлдсэн малаа нядлахын хувьд нядалсан ч гадагш гаргаж чадахгүйд хүрээд байна.

-Дотоодын зах зээлд хэдий хэмжээний мах бэлтгэж нийлүүлэх вэ? Төв суурин газарт үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний эрэлт ихтэй биз дээ?

-Манай улсын дотоодын зах зээл гэвэл хээрийн буюу гэрийн бойгоор хийсэн махыг худалдаж аваад сурчихсан. Тэхээр үйлдвэрүүдийн бэлтгэсэн махыг хэн ч худалдаж авахгүй байгаа. Энэ нь махны ченжүүд бага зардлаар бэлтгэдэг. Гэтэл үйлдвэрүүд маань маш их зардал гаргаж байж хийж байна. Яг үүнд л төрийн бодлого буруу яваад байгаа юм уу?, чөлөөт зах зээлд шилжсэн болохоор хамаагүй гэж үздэг байх. Гэвч тэгж хамаагүй чөлөөтэй орхихоор нөгөө хүний эрүүл хүнс хэрэглэх ёстой гэсэн нь шаардлага хангагдахгүй байна. Нөгөө ченжүүд маш бохир орчинд гар аргаар нядалгаа хийсээр л байгаа. Иймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа л бол энэ замбараагүй зах зээл, баталгаагүй орчинд хүнсний үйлдвэрлэл явуулдгаа болих хэрэгтэй.

-Хүнсний аюулгүй байдал гэж их ярьдаг. Энэ аюулгүй байдлыг хангуулдаг хяналтын байгууллагууд ч бий. Тэд байнгын хяналт тавьдаг биз дээ.

-Улсаас мал мах бэлтгэх стандартыг батлаад өгчихдөг ч түүнийг хэрэгжүүлж байгаа газар байдаггүй. Гэтэл үүнийгээ яг хэрэгжүүлж байгаа үйлдвэрүүдээ мэргэжлийн хяналтын байгууллагаасаа эхлээд дарамтлахаас өөрөөр хаана ч хяналт тавьдаггүй, нөгөө стандарт бус нядалгааг юу ч болоогүй юм шиг явуулсаар л иргэд түүнийг худалдаж авсаар л байдаг. Хэрэглэгчид нөгөөх нь замбараагүй, аюултай орчинд бэлтгэсэн махаа л иддэг. Үүнд л ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах төрийн зохицуулалт хийвэл малчид үйлдвэртэйгээ, үйлдвэр нь эргээд малчидтайгаа харилцаж чадвал болно шүү дээ. Тэгээд урамшууллыг нь улсаас өгөөд эхэлбэл энэ салбар хөгжиж улсад  орох орлого нэмэгдэнэ. Хаврын цагт мал турсан үед л нөөцийн мах гэж багахан хэмжээний махыг л үйлдвэрүүдээсээ авдаг. Бусад үед хэрэглэгчид авна гэж байдаггүй. Яг нядалгааны хувьд манай үйлдвэр хүнсний аюулгүй байдал гэдэг талаараа сүүлийн үеийн технологийг нэвтрүүлээд ажиллаж байна.

-Танайх чинь зөвхөн мал нядалж зах зээлд гаргахаас гадна дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бил үү? Хэчнээн нэр төрлийн дайвар бүтээгдэхүүн гаргадаг вэ?

-Зөвхөн хиам гэхэд л 7-8 нэр төрлийн хиам, чанасан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэвэл бууз, банш, котлет, бөөрөнхий мах зэргийг үйлдвэрлэж Дархан хотын зах зээлд нийлүүлж ажиллагсадаа цалин хөлстэй байлгахын тулд багахан юм хийгээд явж байна. Харин ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг махны олон том үйлдвэрүүд Улаанбаатар хотод бий. Гэвч яг нийслэлийн хүн амын хувьд харьцуулж үзвэл бас их томдсон бүтэц. Харин Хятад улсад гаргахаар Улаанбаатар хотын тав зургаан үйлдвэр дулааны аргаар боловсруулсан мах гэдгээр зөвшөөрөл авсан. Хэдий тийм ч тэд одоогийн байдлаар Хятад улс руу бас гаргаж амжаагүй л байх шиг байна.

                                                               Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ