Дэлхий даяарх үйлчилгээнүүд аажмаар сэргэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-07-20 11:09:58

ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 20 /BBC/. Дэлхий даяар пүрэв, баасан гарагт нүүрлэсэн мэдээллийн технологийн томоохон доголдлын улмаас компьютерын системүүдэд олон цагаар саатал учирсны дараа бизнес, үйлчилгээнүүд аажмаар сэргэж байна.


Кибер аюулгүй байдлын “Crowdstrike” компаниас “Microsoft Windows” үйлдлийн системд нөлөөлсөн программ хангамжийн алдаатай шинэчлэл гаргаснаас үүдэн бизнес, банк, эмнэлэг, агаарын тээврийн компаниуд хамгийн их хохирол амслаа.


“Crowdstrike”-ийн гүйцэтгэх захирал саатал үүссэнд хүлцэл өчиж, засвар хийгдсэн гэж мэдэгдсэн хэдий ч бүх систем сэргэж, хэвийн ажиллах хүртэл “тодорхой хугацаа” шаардагдаж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.


Олон мянган нислэг цуцлагдсаны дараа зарим агаарын тээврийн үйлчилгээ хэвийн байдалдаа эргэн орж эхэлж байгаа боловч амралтын өдрүүдээр нислэг саатах, цуцлагдах байдал үргэлжилнэ гэж операторууд таамаглаж байна.


Мөн олон бизнес эрхлэгч захиалга нь хоцорсон, орхигдсон зэрэг асуудалтай тулгарч байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхэд олон хоног зарцуулагдах нь тодорхой.


Үүний зэрэгцээ Их Британи, Израил, Германы эрүүл мэндийн үйлчилгээнд мөн асуудал үүсэж, зарим үйл ажиллагааг цуцалсан байна.


Дэлхий даяар үүссэн эмх замбараагүй байдал нь дэлхийн харилцан уялдаатай технологиудын эмзэг байдал, нэг программ хангамжийн алдаа ийм өргөн хүрээг хамарсан үр дагаварт хүргэж болохыг харууллаа.


Эл саатал орон нутгийн цагаар пүрэв гаргийн 19:00 цагт эхэлсэн бөгөөд “Microsoft”-ын мэдээлснээр “CrowdStrike Falcon” кибер аюулгүй байдлын программ хангамжийг ажиллуулж буй “Windows”-ын хэрэглэгчдэд нөлөөлсөн ба асуудлын цар хүрээ нь баасан гаргийн өглөөнөөс тодорхой болсон байна.


Гэхдээ баасан гаргийн орой гэхэд дэлхийн олон хэсэгт асуудал намжсан бөгөөд олон нисэх онгоцны буудал дээр шалган нэвтрүүлэх болон төлбөрийн системтэй холбоотой асуудал тулгарсаар байгаа боловч одоо ихэнх нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ.


“Crowdstrike”-ийн гүйцэтгэх захирал Жорж Курц X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, “Windows”-ын хостуудад зориулсан нэг контентын шинэчлэлтэд доголдол илэрсэн гээд, үйлчлүүлэгчид, аялагчид болон бусад хүмүүсээс гүнээ хүлцэл өчлөө.


Кибер аюулгүй байдлын зах зээл дэх хамгийн том операторуудын нэг болох “Crowdstrike”-ийн нөлөө хийгээд салбарын ийм чухал хэсгийг цөөн тооны компаниуд хянадаг байх нь зөв зүйтэй эсэх талаар асуудлууд цаашид урган гарч ирж магадгүй байна.


Баасан гарагт “Crowdstrike”-ийн хувьцаа 12 орчим хувиар унасан байна.


Мэдээллийн технологийн саатал Австралид хамгийн эхэнд анзаарагдсан бөгөөд агаарын тээврийн салбарт хамгийн их хохирол учирсан байж магадгүй юм. Тухайлбал, нислэгүүд саатаж цуцлагдаж, нисэх онгоцнуудыг газардуулж, зорчигчид нисэх онгоцны буудал дээр гацжээ.


Дүн шинжилгээний “Cirium” компаниас оройны 18:00 цагийн байдлаар гаргасан агаарын тээврийн мэдээллээс үзэхэд, баасан гарагт 4000 гаруй нислэг буюу нийт нислэгийн 3.9 хувь нь цуцлагдсан байна. Гэхдээ үүнд бусад шалтгааны улмаас цуцлагдсан нислэгүүд багтаж байх магадлалтай юм.


Мөн дэлхийн өнцөг булан бүрт төлбөрийн систем, банк санхүү, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад саатал тасалдал үүсжээ. Түүнчлэн төмөр замын зарим компаниуд галт тэрэг саатаж болзошгүй гэдгийг анхааруулсан бол “Sky News”, “ABC Australia” зэрэг телевизүүдийн нэвтрүүлэг тасалдсан байна. 

Холбоотой мэдээ