Жеффри Сакс: НҮБ бол Чингис хаанаас хойш даян дэлхийн засаглал цогцлоох гэсэн хоёр дахь том оролдлого

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-15 21:41:40

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Байгаль орчны манлайллын “Цэнхэр гаргийн шагнал”-ыг 2015 онд хүртсэн, “Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байсан, нэр хүндтэй эдийн засагч Жеффри Сакс Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж байгаа юм. Тэрбээр өнөөдөр НҮБ-ын байранд “Бүхнийг тогтвортой байдлын төлөө” хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавилаа. 


Энэхүү хэлэлцүүлгийг энэ оны есдүгээр сард зохион байгуулах “Ирээдүйн төлөө” дээд түвшний чуулганыг угтан өрнүүлсэн юм. Тус чуулганаар тогтвортой хөгжил, хөрөнгийн санхүүжилт, олон улсын энх тайван, аюулгүй байдал, залуус ба ирээдүй хойч үе, дэлхийн засаглалыг өөрчлөх гэсэн сэдвээр ярилцах ажээ.

Ингээд АНУ-ын Колумбын их сургуулийн профессор Жеффри Саксын энэ удаагийн илтгэлээр хөндсөн гол гол асуудлыг хураангуйлан хуваалцъя.


Тогтвортой хөгжлийн тухайд, “Тогтвортой хөгжил гэдэг нь та бидний хүчин чармайлтаас шууд шалтгаалах зүйл учраас хэрэгжүүлж болох зүйл юм. Үүнийг баялгийг тэгш хуваарилж хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэх, баян ядуугийн ялгааг арилгах, байгаль орчныг хамгаалах, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн дөрвөн зүйл дээр тулгуурлан ярьж болно. Хүн бүрийн амьдралд хүртээлтэй тогтвортой хөгжлийн тухай асуудлыг 22 жил ярьж буй ч  тогтвортой хөгжлийг хэрэгжүүлсэн ганц ч улс байхгүй байна. 


Эдийн засгийн хувьд ядуу орнууд хүний болон байгалийн нөөцгүй, боловсролын түвшин доогуур, шинжлэх ухааны хөгжил дорой, дэд бүтэц муу, ариун цэврийн байгууламж хөгжөөгүй гэхчлэн капиталгүй байна. Хөрөнгө оруулалтын өгөөжтэй газарт л хөгжил дэвшил ирдэг. Хангалттай хөрөнгө оруулалт хийгдэхгүй, улс орнуудын зээлжих зэрэглэл доогуур байгаа зэрэг эдийн засгийн шилжилтийн суурь нөхцөл тогтвортой бүрдэхгүй байгаагаас бид хөгжлийн зорилтдоо хүрч чадахгүй байна. Монгол Улсад эдийн засгийн шилжилт хурдтай явж байгаа нь сайн хэрэг юм. Харамсалтай нь олон оронд тийм биш байна л даа.

Ядуу өрх хүүхдэд сайн боловсрол олгож чадахгүй байгаа нь дэлхийн нийтлэг үзэгдэл тул тэдний боловсролд онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Ядуу орнуудад нийт хүүхдийн 25 хувь нь л дунд боловсролтой, үүнээс бага хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаа нь тогтвортой хөгжлийн тухай тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна.


Байгаль орчны тухайд, агаар, ус, хөрс, байгалийн нөөц шавхагддаг. Нөөцийг хэрхэн тогтвортой ашиглаж, хойч үедээ үлдээх нь эдийн засагтай салшгүй холбоотой. Нүүрсийг шатааж хэрэглэснээс 100 жилийн дараа хүлэмжийн хийн ялгарал хүн төрөлхтний хөгжилд асар их сөрөг нөлөө үзүүлэхийг ухаарсан. Хүлэмжийн хийн ялгарал 2 дахин ихэсвэл агаарын температур 5 хэмээр нэмэгдэхийг ХХ зуунд тооцоод гаргачихсан. Иймд уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицохоос өөр арга байхгүй. Харин байгалийн гамшгийн хор хөнөөлийг хэрхэн багасгах, үүнийг яаж тэсвэртэй даван туулахыг ярих хэрэгтэй юм.


Улс төр, олон талт хамтын ажиллагааны талаар, бид асар эмзэг ертөнцөд амьдарч байна. Дэлхий даяар эмзэг, сөрөг үйл явдлууд гарч байна. Ялангуяа, аюулгүй байдалтай холбоотой заналхийллүүд гарч байна. Жишээлбэл, өчигдөрхөн АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн амь насанд халдахыг завдлаа. АНУ гудманд дээрэмдэж, бууддаг аюултай орон болж байна. Үүнийг гайхах хэрэггүй. Зэвсэг зарж л байгаа бол ийм зүйл болох нь тодорхой гэх мэтээр улс төрийн тогтвортой байдал, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар өөрийнхөө санал бодлыг хуваалцав.


Тэрбээр цааш нь тогтвортой хөгжлийн 17 зорилтыг маш утга учиртай хэмээн онцлоод, эдгээр зорилтыг биелүүлэх боломжтой ч аль нь ч биелээгүй байгаа нь зорилтыг биелүүлэх арга зам, бодлого стратегиа өөрчлөх хэрэгтэйг ийнхүү зөвлөсөн юм.


Бүх улс оронд тохирсон шийдэл байхгүй ч хэдэн зүйл хэлье. Улс орон бүрд сайхан уриа бус, бодитой биелэх төлөвлөгөө байх ёстой. Монгол Улсын эдийн засгийн суурь судалгаа нь юу вэ гэх мэт шат дараатай судалгаа, төлөвлөгөө шаардлагатай. Мөн бүс нутгийн стратеги чухал юм. Хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх ёстой. Монгол, ОХУ, БНХАУ гэсэн эдийн засгийн коридорыг бодитоор хэрэгжүүлэх нь Монгол Улсын хувьд нэн зөв стратеги юм.


Тогтвортой хөгжлийн зорилтод санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт байвал боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, газар ашиглалт, дижитал, хотын хөгжлийг авчирна. Гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын урт хугацааны зээл, “Бүс ба зам” санаачилгыг дурдаж болно.


Бүс нутгийн найрсаг хамтын ажиллагаа ихээхэн чухал байна. БНХАУ гэхэд 70 жилийн өмнө найрсгаар оршин тогтнох 5 зарчмаа тодорхойлсон. Тухайлбал, нэг нэгэнтэйгээ хүндэтгэлтэй харилцах, бусад орны дотоод асуудалд оролцохгүй байх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг энх тайвнаар зэрэгцэн оршихын суурь зарчмуудыг тодорхойлсон. Улс орон бүр энэ зарчмыг баримталбал энх тайван цогцолно. Нэг нэгнийхээ соёл уламжлалыг хүлээн зөвшөөрч, түүнд нь хүндэтгэлтэй хандаж, нэг нэгэндээ дайсагнахгүй байвал энх тайван оршино.

 

       НҮБ бол Чингис хааны дараа даян дэлхийн засаглалыг бий болгох гэсэн хоёр дахь том оролдлого


Жеффри Сакс мөнхүү илтгэлийнхээ үеэр дэлхийн засаглалын тухай асуудлыг хөндсөн юм. Тэрбээр, НҮБ-ыг үл тоож, шүүмжилсэн аястай хандлага байдаг. Гэвч НҮБ бол  суурь түвшиндээ маш чухал байгууллага. Чингис хаан Их Монгол гүрнийг байгуулж байсан нь даян дэлхийн засаглалын анхны хэлбэр байв. НҮБ бол Чингис хааны дараа даян дэлхийн засаглалыг бий болгох гэсэн хоёр дахь том оролдлого юм.


НҮБ бол дүрэмтэй, тэр дүрэм нь маш чухал баримт бичиг юм. Харамсалтай нь, НҮБ-д өөрөө захиран зарцуулах хөрөнгө хомс учраас дэлхий нийтийн өмнө тулгараад буй том сорилтуудыг шийдэхийн тулд дэлхийн татвар гэдэг зүйлийг гаргаж ирэх нь зүйтэй гэж боддог. Жишээлбэл, агаар мандал, далайн усыг ашигласан гэх мэт нийтлэг нөөцийг ашигласны татварыг гаргаж ирвэл дэлхийд тулгамдаад буй олон асуудлыг шийдэж чадна. Түүнээс гадна, дэлхийн улс бүрийн төлөөлөл бүхий НҮБ-ын парламент байгуулах нь зүйтэй гэж санагддаг.

Нэмж хэлэхэд, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын баримт бичгийг ч өөрчилж, даян дэлхийн ёс зүйн стандартыг оруулах  нь зүйтэй. Тухайлбал, Буддист, Христ, Исламын шашинд ижил төстэй зүйл олон байдгийг дээрх тунхаглалд оруулах хэрэгтэй.


Түүнчлэн Колумбын Их сургуулийн профессор Жеффри Сакс илтгэлдээ залуусын хөгжлийн талаар сонирхолтой асуудал илэрхийлж байв. Тухайлбал, Монгол Улсын хувьд гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр боловсруулж, гадаад орны оюутнуудад монгол ахуйгаа танилцуулах, дотоодын их, дээд сургуулиудаа дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн чухлыг онцолсон.


Монгол Улс гадаад улс орны их, дээд сургуулиудтай кредит авч суралцах хамтарсан хөтөлбөр санаачлах хэрэгтэй. Гадаадын улс орны оюутнуудыг эх орондоо авчран, гурван сарын турш нүүдэлчин ахуй, соёл, мал маллах арга ухааныг танилцуулж сургаад, монголын түүх зэргийг заавал хэдэн жилийн дараа судалгааны маш чухал үр дүн гаргана.


Ингэхдээ баруун бүсэд 7, говьд 7, нийслэлд 7 хоног гэхчлэн монгол ахуй, өв уламжлал, музей зэргээ танилцуулах боломжтой. Тэд дэлхийн түүхийн том хэсгийг бүрдүүлж байсан монголчуудаас, монгол ухаанаас суралцах болно. Урилга өгвөл олон оюутан дуртайяа ирэх байх. Энэ нь судалгаанд том хувь нэмэр оруулж болно гэж бодож байна.


Мөн улс орон бүрд дэвшилтэт технологи хэрэгтэй. Танай их, дээд сургуулиуд дэлхийн шилдэг 1000 сургуульд багтдаггүй ч нэг сургуулийг дэлхийн түвшинд хүргэх хэмжээний санхүүжилт хийснээр сайн судалгаа шинжилгээ хийдэг төв болгон хөгжүүлэх боломжтой. ДНБ-ийхээ нэг хувиар санхүүжүүлэхэд Монгол Улс сэргээгдэх эрчим хүч гэх мэт салбарт сайн судалгаа хийж чадна. Уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйд санаа зовж байгаа ч өөрсдөө анхаарал хандуулж, хөрөнгө оруулах шаардлагатай. Мөн дотоодын их, дээд сургуулийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлбэл мэдлэг нь эх орондоо үлдэнэ. БНХАУ гэхэд маш сайн их сургуулиудтай. Тэдэнтэй хамтын түншлэл бий болгох боломжтой хэмээн зөвлөв.


Үүний дараа чөлөөт ярилцлагаар хэлэлцүүлэг үргэлжилсэн юм. Жеффри Саксын хөндсөн асуудлуудтай холбогдуулан НҮБ-ын Суурин Зохицуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Колумбын их сургуулийн төгсөгч, оюутан залуус сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, даян дэлхийн ёс зүй, дэлхийн татвар зэрэг олон чухал асуудлаар асууж, сонирхолтой хэлэлцүүлэг  өрнүүллээ. 







 


 

Холбоотой мэдээ