Валютын ханшийн өсөлттэй холбоотой асуулга тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-11 09:59:18

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны Ерөнхийлөгчид валютын ханшийн өсөлттэй холбоотой асуулга тавьжээ. 

Тэрбээр асуулгадаа энэ оны 6 дугаар сард ам.долларын ханш 1964.93 төгрөг байсан бол 8 дугаар сард 2189.05 төгрөг болж өссөн. Харин 10 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2287.30 болж огцом нэмэгджээ. Мөн нөгөө талаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь арилжааны зээлийн хүүг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн төрийн бодлогод сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Иймээс валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох, цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой, үр дүн бүхий шаардлагатай арга хэмжээг авч, хариугаа нэн даруй ирүүлэх хэрэгтэй.Шаардлагатай гэвэл асуулгыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ Т.Аюурсайхан гишүүн мэдэгдсэн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ