О.Анхбаяр: Бид гэрээний хугацаанд ажлаа хийж дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-25 11:38:55

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар Нийслэлийн замын харилцааны газар болон гүйцэтгэгч “Тотал Инж” компаниас мэдээлэл өгөв.


Дээрх гүүрэн байгууламжийн ажил 2022 онд эхэлсэн билээ. Тус гүүрийг 2024 оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар тооцоолсон ч амжаагүй байгаа юм. Тэгвэл гурав хоногийн өмнө орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, тус гүүр усанд автсан байгаа зураг, мэдээлэл цахим сүлжээнд түгсэн юм.


Энэ талаар “Тотел Инж” компанийн инженер О.Анхбаяр, “Гүүр, зам хоёр нь тусдаа тендертэй. Энэ ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд эхэлсэн. 2.8 км зам гэж байгаа боловч массаар нь бодоод үзэхэд орон нутгийн 10 гаруй км замтай дүйцэхүйц юм. Зөвхөн зам биш, дулаан, сүлжээ, бохир, усан хангамжийн систем гэх мэтчилэн олон хийцлэлтэй. Ажил 12 дугаар сарын 20-нд дуусах графикт хугацаатай. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж яваа. Үер байх тооцооллыг хийсэн. Усны голдирлыг далангаар чиглүүлж, өөрчилж байгаад ажлаа хийж гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар ус тогтсон хотгор газар хараахан ажил эхлээгүй гэсэн үг. Бид гэрээний хугацаанд ажлаа хийж дуусгана” гэв.


Тэгвэл тус гүүрийн зургийн инженер Ч.Намшир, “70 мянган хүн амд зориулсан зам ямар байх вэ гэдгийг их тооцоолох шаардлагатай байсан. Өнөөдрийн түгжрэлтэй замд дахин нэг түгжрэлтэй замыг холбож болохгүй. Олон хувилбарыг зурж хурлаар оруулдаг. Баригдаагүй, усанд автсан гэж байгаа хэсэгт гүүр бий. Төлөвлөлтийн өндөр өөрчлөгдөж байгаа. Нураагаад дахиад баривал улсын мөнгийг шамшигдуулсан асуудал болно. Тийм зүйл болохгүй. Голын голдирол хаагдахгүй, 800 метр урт гүүр барина” хэмээн ярилаа. 



Холбоотой мэдээ