Израилийн цөмийн реакторыг Ш.Пересийн нэрэмжит болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-10 11:52:56

ТЕЛЬ-АВИВ. /ВВС/. Негевийн цөл дэх Израилийн цөмийн реакторыг Ерөнхийлөгч агсан Шимон Пересийн нэрээр нэрлэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ.

Тэрбээр засгийн газрын хуралдааны үеэр энэ тухай мэдэгдсэн байна.

1950-аад оны сүүлч, 1960-аад оны эхээр Францын тусламжтайгаар Димона хотод цөмийн нууц байгууламж барихад Ерөнхийлөгч агсан Ш.Перес ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Израиль улс цөмийн зэвсэгтэй эсэх нь нотлогдоогүй боловч тус улсад цөмийн зэвсэг бий гэж зарим шинжээчид үздэг.

Цөмийн реакторыг Негевийн цөмийн судалгааны төв” гэж нэрлэдэг ажээ. Тус байгууламжийг барихад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ш.Пересийн нэрэмжит болгох гэж байна.

Израилийн Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллаж байсан Ш.Перес өнгөрсөн сард 93 насандаа таалал төгссөн юм.

Тэрбээр шинэ Израиль улсыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ