Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-08 11:25:36

НЬЮ-ЙОРК. /TASS/. Энэ жилийн химийн салбарын Нобелийн шагналыг Шведийн эрдэмтэн Томас Линдал, Америкийн эрдэмтэн Пол Модрич, Туркийн эрдэмтэн Азиз Санжар хүртэхээр боллоо.

Дээрх эрдэмтэд эд эсүүд өөрийн ДНК-г “засч”, удмын мэдээллийг гэмтэхээс хамгаалдаг механизмыг тус тусдаа илрүүлж, тайлбарлажээ.

1960-аад оны үед эрдэмтэд ДНК-гийн молекулууд маш бат бөх бөгөөд организмын амьдралын туршид бараг өөрчлөгддөггүй гэдэгт бат итгэлтэй байв. 1938 онд төрсөн биохимич Томас Линдал Каролинийн хүрээлэнд ажиллаж байхдаа ДНК нь гэмтлийг тогтмол хуримтлуулдаг болохыг илрүүлсэн бөгөөд улмаар молекулуудыг “засдаг” байгалийн механизм байх ёстой гэж үзжээ. Линдал гэмтсэн цитозоны хэсгүүдийг ДНК-гаас цэвэрлэдэг ферментийг олж илрүүлсэн байна. 1980-1990-ээд онд тухайн үед Их Британи руу нүүсэн байсан Линдал ДНК-гийн засварын эхний шатанд ажилладаг бүлэг фермент болох гликозилазын үйл ажиллагааг тодорхойлж, тайлбарласан бөгөөд энэ үйл явцыг лабораторийн нөхцөлд дахин бий болгож чадсан байна.

Азиз Санжар 1946 онд Туркийн зүүн өмнөд нутагт төржээ. Истамбул хотод эмчийн мэргэжлийн диплом өвөртөлснийхөө дараа тэрбээр хөдөө орон нутагт эмчээр хэдэн жил ажилласан боловч 1973 оноос биохимийг сонирхож эхэлсэн байна. Нянгууд үхлийн аюултай хэт ягаан туяаны тунг аван харагдахуйц хүрээнд цэнхэр гэрэл цацруулсныхаа дараа маш хурдан хүчээ сэргээж байсан нь түүнийг гайхашруулжээ. Санжар АНУ-ын Техас муж улсын лабораторид хэт ягаан туяаны цацрагаас үүдэлтэй гэмтлийг засдаг /фотолиаз/ ферментийн генийг хэдийн илрүүлж, амжилттай хувилсан байв. 1970-аад оны үед түүний энэ нээлтийг Америкийн их сургуулиуд нэг их сонирхоогүй учир Санжер Йелийн их сургуулийн эмнэлгийн лабораторид энгийн лаборант хийх болжээ.

Чухам тэнд ажиллаж байхдаа тэрбээр хэт ягаан туяаны цацрагийн дараах эд эсийн засварын хоёр дахь системийг илрүүлсэн байна. Энэ үйл явц нь фотолиазаас ялгаатай нь харанхуй нөхцөлд явагддаг аж. 1980-аад оны сүүлээр Сандлер Чэпел-Хилл дэх Хойд Каролина муж улсын их сургуульд ажиллах болсон бөгөөд нянгууд болон хүний ДНК хэрхэн засагддаг болохыг судалжээ. Туркийн алдартай форум болох “Eksi Sozluk”-ийн үеэр Санжерийг бүр 2005 онд Нобелийн шагналд нэр дэвшүүлж байв.

АНУ-ын Нью-Мексико муж улсад 1946 онд төрсөн Пол Модрич ДНК-гийн эд эсүүд хуваагдах явцдаа алдаагаа засдаг арга замыг олж илрүүлжээ. ДНК-гийн нөхөн сэргээгдэх болон генийн хослолыг үүсгэх үйл явцын үед үүссэн гэмтэл болон нуклеотидын гажуудлыг илрүүлэн, засдаг энэ тогтолцоо нь алдаа гарах магадлалыг ойролцоогоор 10-ын хасах 8 зэргээс 10-ын хасах 9 зэрэг хүртэл бууруулах боломж олгодог байна. Одоо Модрич Дьюкийн их сургуульд биохимийн хичээл заадаг бөгөөд Ховард Хьюзын Эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ