ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны
зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Тогтвортой
хөгжлийн зорилтын төлөө иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээ ТББ-уудаас “Улс
төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг
тусгасан” сэдвээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа.
Уулзалтын талаар “Тогтвортой
хөгжлийн зорилтууд, иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээний ерөнхий
зохицуулагч Г.Уранцоожоос тодруулбал, “Манай сүлжээний гишүүн ТББ-ууд 2024
оны УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ
хийсэн. Үүний дүнг танилцуулан олон нийтэд хүргэх уулзалтыг зохион байгуулж
байна. Бид УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй улс төрийн намуудад ТХЗ-уудтай
холбоотой үндсэн 10 асуудлаар зөвлөмж боловсруулан хүргүүлсэн” гэв.
Монгол Улсад ТХЗ-ууд
хэрхэн хэрэгжиж байгааг бодлого, стратеги, төлөвлөлт, төсөв, зохицуулалт, ил
тод байдал, хяналт, үнэлгээ, тайлагналт, бодлогын уялдаа, хамтын ажиллагаа,
түншлэл, олон талын оролцоо зэрэг 10 асуудлаар үнэлэн боловсруулсан дүгнэлт,
зөвлөмжид үндэслэн тодорхойлсон зайлшгүй авах арга хэмжээний хүрээнд шинжилгээг
хийсэн гэдгийг тодотгов.
Тэрбээр, ТХЗ-ын нэгдүгээрт
ордог ядуурлыг бууруулах зорилтын талаар жишээ аван хэлэхдээ, МАН, АН-ын
сонгуулийн мөрийн хөтөлбөрт ядуурлыг бууруулах талаар тусгасан амлалтыг оноогоор
үнэлбэл өндөр үзүүлэлттэй гарсан. Ядуурлыг ажлын байрыг нэмэгдүүлэх замаар
бууруулна хэмээн давхар тусгасан нь сайшаалтай байгааг дурдав.
“Хүнс эвсэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, МБОИЗ-ын Ногоон парламентын гишүүн Г.Оюунтуяа хэлэхдээ, ТХЗ-д тусгасан хог хаягдлын асуудлыг бүсчилсэн байдлаар шийдвэрлэх талаар намуудын хөтөлбөрт хөндсөн нь сайн талтай. Гэхдээ бодлогын сөрөг нөлөө, гарч болох эрсдлийг тооцох учиртай гэв. Хог хаягдал дээр сонгуульд оролцож буй нам, эвслийн нэр дэвшигч нар хортой, гялгар цаас хэрэглэхгүй байхыг уриалж байв.
ТХЗ-ын хүрээнд нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрүүдэд гарсан
ахиц дэвшлээс дурдвал:
- Нам эвсэлүүд хоол хүнс, мал, газар тариалангийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, хөрөнгө оруулах.
- Хүнсний аюулгүй байдалд стандарт мөрдүүлэх, лабораториор
хянах лабораторийн хүчин чадал хөрөнгө оруулалтыг сайжруулах.
- Малчдад хөрөнгө оруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх.
- Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хоол хүнс бэлдэх,
нэмэгдүүлэх.
- Бэлчээрийн хомсдолд анхаарах, таримал тэжээлийг тариалах
талбайг нэмэгдүүлэх.
- Төр хувийн хэвшил, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах зэрэг
маш ач холбогдолтой заалтууд оруулсан.
- Нэмүү өртөг шингэсэн хүнсийг гадаадад гаргах олон заалт
байна.
- Хоол хүнс гэлтгүй нийтийн хяналт хариуцлага ил тод байдал гэдгийг тусгасан.