БАЯН-ӨЛГИЙ: Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5000 метр кубд хүргэх санал тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-10 17:10:18

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх төсөл"-ийн хүрээнд Баян-Өлгий аймгийн төвд  хоногт 4200 метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж барьж байна.


Тус цэвэрлэх байгууламжийн төсөвт өртөг нь 3.8 сая евро бөгөөд Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа.   

Барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн. Төлөвлөгөө ёсоор ирэх 12 дугаар сард багтаан барьж ашиглалтад өгөх аж.


Уг бүтээн байгуулалтын ажилд аймгийн Засаг даргын орлогч Х.Арманаар ахлуулсан ажлын баг орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа. Ажлын баг өнгөрсөн долоо хоногт Цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэлийн явцтай танилцав. Энэ үеэр Өлгий сумын хүн ам, үйлчилгээний болон орон сууцны барилга, жижиг дунд үйлдвэрүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлаар зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч компаниудтай санал солилцлоо.  


Тодруулж хэлбэл, тухайн бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг зохиосон "Smart Waste Technologies" компанийн төлөөлөгч X.Криштоф, гүйцэтгэгч "Байгууламж" компанийн гүйцэтгэх захирал Б.Чинболд нарт Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоногт 5000 метр куб болгож нэмэгдүүлэх, бохирын даралтын хос шугамыг ф250-гаас ф300  болгож өөрчлөх, нэгдүгээр бохир усны шахуургын хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэлт хийх санал тавилаа.


Талууд тухайн асуудлуудыг дээд байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр болов.

 

Холбоотой мэдээ