Зургаан аймгийн зарим нутагт бэлчээрийн ургамлын гарц муу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-03 09:04:30

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамлын гарц тавдугаар сарын 31-ний байдлаар Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгийн зарим сумын нутгаар муу байна.


Харин Булган, Дорнод, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өмнөговийн цөөн сумын нутагт буюу нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн бусад нутгаар дунд зэрэг ургажээ.


Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.2-5.2 градусаар дулаан байна. Нутгийн зүүн хэсгээр дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 гаруй хувьд буюу баруун, говийн аймгуудын нутгаар дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим оржээ.


Салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Өмнөговь, Завхан, Баянхонгорын Богд, Говь-Алтайн Бугат, Хөвсгөлийн Рашаант, Сэлэнгийн Орхонтуул, Хэнтийн Батноров, Дорноговийн Хөвсгөлд 24-27 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсныг ЦУОШГ мэдээллээ. 

Холбоотой мэдээ