Монголбанк Афлатон Интернэйшнл байгууллагатай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-31 15:28:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Афлатон Интернэйшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал ноён Роеланд Монаш нар цахимаар уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Санамж бичиг байгуулснаар Монгол Улсын хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хөгжүүлэх, санхүүгийн боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, харилцаа холбоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.


Монголбанк төрийн бусад байгууллагатай хамтран "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийг 2015 анх баталж, санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх бодлогыг манлайлж хэрэгжүүлж иржээ. Энэ хөтөлбөрийн үргэлжлэл болгож, хоёр дахь үе шатыг “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2024-2030”, "Иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги" гэсэн чиглэлээр баталж, хэрэгжүүлж байна.



Афлатон Интернэйшнл нь хүүхэд, залууст нийгэм, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг олон улсын төрийн бус байгууллага юм. Өдгөө тус байгууллага 102 улсын 300 гаруй байгууллагатай хамтарч ажиллаж, олон талт хамтын ажиллагааг дэмждэг, томоохон сүлжээг бий болгоод байгааг төв банк мэдээллээ.

 

Холбоотой мэдээ