“Өргөө” амаржих газрын тааз нурж 69.2 сая төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-07 13:38:56

“Өргөө” амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний давхар тааз  бүхэлдээ нурсан талаар өнөөдөр тус эмнэлгийн удирдлага, эмч нар  мэдээлэл хийлээ.

Тус тасагт өдөрт 5-6, долоо хоногт 35-40 гаруй хүнд яаралтай хагалгаа хийдэг байна. Одоогийн байдлаар төлөвлөгөөт болон яаралтай мэс заслыг бүрэн зогсоожээ. Яаралтай тусламжийн үйлчилгээг ЭХЭМҮТ-д хүлээн авч байхаар зохицуулсан байна. Харин төлөвлөгөөт хагалгаа хийлгэх өвчтөнүүд хүлээлтийн байдалтай байгаа аж.

Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал хэлэхдээ, “Энэ сарын 05-ны өдөр нийт 5 мэс засал төлөвлөсөн байсан. Тухайн өдөр өвчтөн Ж-д хагалгаа хийх явцад өрөөний агааржуулалтын хоолойн хэсгийн гурван хаалт эвдэрч, дүүжин тааз хөдлөөд хүн явж байгаа мэт байсан. Тиймээс аюулгүй байдлаас сэргийлж өвчтөний хагалгааг дуусгаж, дараагийн өвчтөний хагалгааг өөр өрөөнд шилжүүлсэн. Тухайн үед хагалгааг өөр өрөөнд хийгээгүй байсан бол хагалгааны өрөөнд байсан 8-9 хүн таазанд даруулж амиа алдах эрсдэлтэй байлаа” гэв.

Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваа, “Эмэгтэйчүүдийн мэс засал бүхий тус өргөтгөл нь 2013 оны 2 дугаар сарын 28-нд ашиглалтад орсон. Тохижилтын ажил хийж 2013 оны 6 дугаар сарын 18-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Өргөтгөлийг гадаадын тусламжаар 7.2 сая төгрөгөөр “Цаст констракшн” компани гүйцэтгэсэн юм. Одоогийн байдлаар мэс засал хийх 44 сая төгрөгийн өртөгтэй унтуулгын аппарат, 23.5 сая төгрөгийн мэс заслын таазны гэрэл нийт 69.2 сая төгрөгийн бодит хохирол учраад байна. Албан бус дүгнэлтээр таазыг шаардлага хангахгүй бэхэлгээ материалаар хийсэн гэсэн дүгнэлт гарсан” гэв.

Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллага, МХЕГ болон гүйцэтгэгч компаниас ирж үзлэг шинжилгээ хийжээ. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ