Газар чөлөөлөхийг зөвшөөрсөн 259 иргэнд нөхөн олговор олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-29 14:51:05

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна.


Энэ хүрээнд нийслэлд зургаан дэд төвийг байгуулахаар төлөвлөсөн билээ. Үүний нэг нь Сэлбэ дэд төв юм. Үүнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 156 мянган га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийг бүтээн байгуулахаар төлөвлөсөн байдаг.


Энэ хүрээнд дээрх хороонд оршин суудаг айл өрхөөс судалгаа авч газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа аж. Газар чөлөөлөлтөд 2206 нэгж талбайг хамруулж байгаа бөгөөд 1653 иргэнээс нийгэм эдийн засгийн судалгааг авчээ. Судалгаанд оролцсон иргэдийн  96.5 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг дэмжсэн байна.


Энэ хүрээнд 259 иргэний нөхөн олговорт шаардлагатай 44.7 тэрбум төгрөгийг олгож эхэлжээ. Түүнчлэн дараагийн ээлжийн 228 иргэний 42.5 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгох захирамжийн төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хянаж байгаа аж. Сэлбэ дэд төвийн айлуудын газрыг чөлөөлснөөр эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барих боломжтой юм.

Холбоотой мэдээ