Өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-05-28 14:24:03

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын өмгөөлөгчдийн холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх "Өмгөөлөгч-Танд тусалъя 2024" өдөрлөгийг энэ сарын 27-нд Сүхбаатарын талбайд  зохион байгуулав.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав өдөрлөгийг нээж хэлэхдээ, "Тус өдөрлөгийг 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба Монголын өмгөөлөгчдийн холбоо, хамтран оролцож байгаа албан байгууллагууд, тэдгээрийн албан хаагчдад талархал илэрхийлье. Монголын хуульчдын холбооноос өдөрлөгт оролцож байгаа хуульчдыг дэмжин кредит цагийг тооцдог болбол мэргэшсэн хуульчид оролцож, улам чанартай, үр өгөөжтэй үйл ажиллагаа болно" гэв.


Өдөрлөгт нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрынхан оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч, ном, гарын авлага тараав.

Холбоотой мэдээ