“Торгоны зам-2024” автораллид оролцогчид Улаанбаатарт барианд орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2024-05-27 14:00:58

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд зохион байгуулдаг “Торгоны зам” олон улсын авто уралдаан манай улсын нутгаар үргэлжлэн, Улаанбаатарт барианд орно.


Тодруулбал, энэ оны долоодугаар сарын 5-нд ОХУ-ын Томск хотоос гараагаа эхлэх олон улсын багууд Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор 7 дугаар сарын 9-нд нэвтэрч Ховд аймагт 7 дугаар сарын 9-11, Говь-Алтай аймагт 7 дугаар сарын 11-13, Баянхонгор болон Дундговь аймгийн нутгаар 7 дугаар сарын 14-15-нд уралдаж, Улаанбаатар хотод ирснээр уралдааныг дуусгана. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уралдааны ОХУ-ын зохион байгуулагчдыг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр мэдээлсэн байна.


“Торгоны зам-2024” уралдаанд урьдчилсан байдлаар 1000 гаруй хүн, 350-400 гаруй техник хэрэгсэл бүртгээд байна. Энэ жилийн авторалли уралдааны ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болж байгаагаараа онцлог тул аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломжтойг БОАЖЯ-наас мэдээллээ. Учир нь, “Торгоны зам-2024” авто раллиг сурвалжлахаар 25 орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл дагалдах ажээ.


Энэ жилийн уралдааныг ОХУ бүрэн санхүүжүүлж байгаа бөгөөд ОХУ-ын авторалли уралдаан зохион байгуулагчид болон тамирчдыг хил, гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх, уралдааны үед тамирчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангахад манай улс дэмжин ажиллах юм.


Авторалли уралдаан нь Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгаар олон километр замыг туулах тул Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газрууд болон тухайн орон нутгийг гадаад оронд сурталчлах үйл ажиллагаа болох талаар мэдээллээ.

 


Ташрамд дурдахад, “Торгоны зам” авто уралдааныг 2009 оноос зохион байгуулж эхэлжээ. Монгол Улс 2019 оноос хамтран оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ