Усаа зүй зохистой хэрэглэхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-07 10:10:36

Монгол Улсад Нийтийн ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн “Урсгал-Ус” ХХК-иас нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.

“Урсгал-Ус” ОНӨААТҮГ нь Сүхбаатар сумын нийт айл өрхийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, ариутгах, цэвэршүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг юм. 100 гаруй ажилчинтай тус байгууллагад Сүхбаатар сумын гэр хорооллын айл өрхийг усаар хангах 33 худаг байдгаас одоогоор 30 худгаар ус түгээж байгаа ажээ. Тэдгээр худгийн 7 нь “Урсгал-Ус” ОНӨААТҮГ-ын үндсэн ажилчид, үлдсэн 23 худгийг гэрээт ажилтнууд ажиллуулдаг байна. Мөн тус компани нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 20 гаруй мянган иргэдийг хоногийн эргэлтэнд багтаан ундны цэвэр усаар хангадаг байна. Орхон голын хөвөөнд байрлах 5 худгаар дамжуулж гүний цэнгэг усыг татан авч 1400 метр куб усыг усан санд байрлуулан хоногтоо хэрэглэж дуусдаг гэлээ.

Өөрөөр хэлбэл Сүхбаатарчууд усан санд удаж муудаагүй өдөр бүр шинэчлэн татагддаг цэвэр усыг хэрэглэдэг байна. Хүн бүр усаа хэмнэх дадалд суралцаад, хэрэглээгээ хянаж чадвал цэвэр усны үргүй зардал гаргахаас сэргийлж чадах аж. Иймээс энэ талаар сурталчлан таниулах зорилгоор энэхүү “Нээлттэй хаалга”-ны өдөр арга хэмжээг зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ