Хоёр сургууль стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-06 17:37:26

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” болон Эрдэнэдалай сумын сургууль стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болжээ. Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” сургуулийн хичээлийн 2 дугаар байр, Эрдэнэдалай сумын сургуулийн хичээлийн А байранд хичээллэдэг нийт 1100 гаруй хүүхэд стандарт хангасан ариун цэврийн байгууламж ашиглаж байна.

Монгол орны хөдөөгийн иргэдийн дөнгөж 29 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахуйц усны эх үүсвэрт холбогдсон гэдэг судалгаан дээр үндэслэн Мобиком корпораци “Сумын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа энэ төслийн хүрээнд 8 аймгийн 13 сумын сургуулийг стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьсоны нэг нь Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай сумын сургууль юм.

“Стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болсон нь манай сургуулийн сурагчдын хувьд эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл илт сайжирсан томоохон хөрөнгө оруулалт боллоо. Манай сургууль 1200 сурагчтай. Үүний 600 нь хичээлийн А байранд хичээллэдэг. Дотуур байранд 127 хүүхэд аж төрдөг. Энэ хүүхдүүд одоо шинэ ариун цэврийн байгууламжаа ашиглаж байна. Бид хичээлийн В байрынхаа ариун цэврийн нөхцлийг өөрсдийн хөрөнгөөр сайжруулна. Төвлөрсөн усны эх үүсвэрт л холбочихвол ариун цэврийн байгууламж ашиглахад бэлэн бий” гэж Эрдэнэдалайн сургуулийн захирал Л. Буянтогтох хэлсэн юм.

Мобиком корпорацийн санаачилсэн дээрхи төслийг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага болон орон нутгийн засаг захиргааны байгууллага дэмжин хамтран санхүүжүүлдэг байна.

Сайнцагаан, Эрдэнэдалай сумын сургуулийн ариун цэврийн байгууламжид Мобиком корпораци 54.1 сая, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага 36.4 сая, Дундговь аймаг өөрийн хөрөнгө оруулалтаар 60 сая төгрөгийг тус тус зарцуулсан бөгөөд аймгийн ИТХ эл хөрөнгийг өнгөрсөн сард төсвийн тодотголоороо баталжээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ