Орчин цагийн Ши Ань

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-14 17:02:17

-Аян замын тэмдэглэл-


Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өмнөх хоёр тэмдэглэлийнхээ үргэлжлэл болгож, Хятадын Ши Ань хотын хөгжил дэвшил, тариалан аж ахуй, олон улсын боомт, Тан гүрний соёлын онцлогт гудамж, технологийн шинэчлэл, уламжлалт газарт тариалангийн ололт, экологи, бүтээн байгуулалтын сонин сайхнаас энэ удаа хуваалцахыг зорилоо.  



Шаньси муж нь нүүрс, цахилгаан эрчим хүч, металлурги, химийн  үйлдвэрлэл голлосон хүнд аж үйлдвэрийн салбартай. Мөн цахилгаан бараа, барилгын материал, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл зэрэг хөнгөн болон хүнс үйлдвэрийг зэрэг хөгжүүлж байгаа аж. Тэр дундаа хүнсний үйлдвэрлэлтээрээ БНХАУ-д тэргүүлэх байр суурьтай.

Сэтгүүлчдийн баг Лүжи ногоон эрчим хүчний компани, Айжюи хүнсний групп, 60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн зэрэгтэй танилцав.


“Лүжи” ногоон эрчим хүчний компани нь “Нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгоно” уриатайгаар дэлхийн бусад компанитай өрсөлддөг аж. Монокристал цахиур ялтасны үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт, мөн гурван жил дараалан модулын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсаж буй. Зөвхөн энэ үзүүлэлтийг харахад л сэргээгдэх эрчим хүчний томоохон үйлдвэр гэдэг нь мэдрэгдэнэ.  Тус үйлдвэр нь нарны эрчим хүч үйдвэрлэлийн судалгаанд жилдээ 300 гаруй сая юань зарцуулдаг байна. Хамгийн сүүлд айл өрх, аж ахуй, үйлдвэрүүдийн дээвэрт зориулсан нарны эрчим хүчний хавтан бүтээжээ. Тус хавтан нь тоосгоны адил бат бөх гэнэ. Шаньси муж эрчим хүчний нөөцийн хувьд баялаг учраас өөрийгөө төдийгүй бусад хот, мужийг эрчим хүчээр хангадаг байна. Тухайлбал, Бээжин хотын хэрэглээний эрчим хүчний ихэнхийг энэ мужаас хангадаг. Тус муж нийтдээ 8.5 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэдэг ажээ.


Тэгвэл “Айжюи” хүнсний группийн худалдааны цэг нь Ши Ань хотын 13 сая хүн амын хүнсний хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлээс оруулж ирэн борлуулах цогц үйлчилгээг үзүүлдэг байна. Тухайлбал, ургамлын тосны хэрэгцээний 60 орчим хувийг савлаж борлуулдаг. Монголоос мах, сүү, цагаан идээг худалдан авахад борлуулах зах зээл энд байгаа гэдгийг дурдаж байлаа. Тус групп 1934 онд байгуулагдсан, 80 жилийн түүхтэй. Үндэсний хөдөө аж ахуйн салбарын гол тэргүүлэгч аж ахуйн нэг бөгөөд Хятадын орчин үеийн үндэстний аж үйлдвэр, худалдааны үндсийг тавьжээ. Мөн Хятадын баруун хойд бүс нутагт хөдөө аж ахуйн тариалалт, амуу будаа, ургамлын тос, хоол, хүнс болон урьдчилан боловсруулсан хүнсний ногоог үйлдвэрлэх, логистик, тээвэрлэлт, сүлжээг нэгтгэсэн хувийн хэвшил юм. Үндэсний “Бүс ба зам”-ын хүрээнд Ши Ань олон улсын боомтын бүсийн боомтын үйл ажиллагаа болон Хятад-Европын галт тэрэгний Чан Ань нэрэмжит галт тэрэгний нээлттэй сувагт түшиглэн Казахстанд баазаа байгуулсан байна.


Харин Хятад-Европын галт тэрэгний Чан Ань дахь төв нь 2013 онд нээлтээ хийсэн. 2022 онд галт тэрэгний аяллын тоо 4639-д хүрсэн нь зам дагуух хотын иргэд, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлж буй юм. Ши-Ань олон улсын боомт нь 59 төмөр замын шугамтай. Жил бүр 5.4 сая тонн контейнер хүлээн авах хүчин чадалтай, 66 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. Тус боомт ОХУ-аас модон материалаа Алтанбулаг-Эрээн хооронд төмөр замаар татдаг. Илүү их ачааг ОХУ-аас тус маршрутаар татах хүсэлтэй ч Монголын УБТЗ-ын хүчин чадал хүрдэггүй гэдэг шалтгаанаар хамтран ажилладаггүй тухай дурдаж байв. Уг нь Монголын бусад боомт төмөр замтай болбол ОХУ, Европоос ачаа барааг Монголын нутгаар татах, мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцолж байлаа.


Бидний очиж танилцсан байгууллага бүр үүдэндээ компанийнхаа танилцуулгыг том дэлгэцээр харуулж байв. Нэг ёсондоо цогц мэдээллийг маш ойлгомжтой хүлээн авах боломж олгожээ. Энэ бол Монголын томоохон хувийн хэвшлүүдэд хэрэгжүүлбэл гадна, дотны үйлчлүүлэгчдэд нь ихээхэн хэрэгтэй үйлчилгээ санагдаж байлаа. Манай улсад аж ахуйн нэгжтэй танилцахын тулд тухайн байгууллагыг бүтэн тойрох шаардлага тулгардаг нь нууц биш билээ. Харин Хятадад технологийн шийдэл ашиглан зочдоо залхаахгүйгээр богино хугацаанд, асар их мэдээлэл авахуйц танилцуулга бэлдэж чадсан нь сайшаалтай юм.


“Янлин” хөдөө аж ахуйн жишиг бааз

Хөдөө аж ахуйн салбарт дэвшил гаргасан өөр нэгэн газар нь “Янлин” ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх парк юм. Тэд 720 га талбайтай бөгөөд нийт 460 сая юанийн хөрөнгө оруулалттай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөдөө аж ахуйн технологийн сургалтын бааз ажээ. Тус парк нь “Нэг төв, таван бүс” хөгжлийн загварыг бий болгосон байна. Тухайлбал, Наран гэрэлт ухаалаг үйлчилгээний төв, Ухаалаг хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн бүс, Өндөр үр ашигтай хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн бүс, Ухаалаг хүйтэн гинжит логистикийн бүс зэрэг байдаг. Эдгээр нь дэлхийн улс орон, бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжилд жишээ үзүүлэн, сургахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Үйл ажиллагаа явуулсан гурван жилийн хугацаанд олон үйлдвэрүүдийн нэгдлийг дэмжиж, олон загварын хамтын ажиллагааг чандлан мөрдөж, Янлин хөдөө аж ахуйн шинжлэх ухааны загвар”-ыг судлан бий болгожээ. Олон төрлийн судалгаа хийж буй талбайд төрөл бүрийн хүлэмж, байгууламж барих бөгөөд үүнд бие даан шинэчлэгдсэн ухаалаг хүлэмж, олон дамжлагатай PC sheet хүлэмж, олон дамжлагатай хоёр давхар агаараар хийлдэг хальсан хүлэмж, 39 ширхэг нарны эрчим хүчтэй долоон төрлийн хүлэмж орно. Тус хүрээлэн нь 5G технологид ухаалаг цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг бий болгох, ургамал ургах орчны хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагджээ. Түүнчлэн бордоо болон усалгааны ухаалаг систем, нарны гэрлийн бүрэн өгч чадахуйц лед гэрэл, өвлийн улиралд усыг зөв халаах, зуны улиралд усыг зөв хөргөх боломж олгодог, нүүрстөрөгчийн давхар ислийг дахин боловсруулах олон үйлдэлт систем, технологид суурилсан үйлдвэрийн бүртгэлийн систем бий болгож ажилчдын удирдлага, үйлдвэрийн төлөвлөгөө үйл явцыг хянах боломжтой, навчит ногооны үйлдвэрлэлд DFT технологи, улаан лоолийн үйлдвэрлэлд хөрсгүй технологитой, техникийн болон цаг уурын өөр өөр 12 хүлэмжийг бий болгосон, газар тариалангийн янз бүрийн арга техник, ургацын өсөлтийн загваруудыг тасралтгүй судалж эрчимжүүлсэн үйлдвэрлэлийг хангасан зэргээрээ онцлогтой байв.

 

Сэтгэлд ойрхон бүтээн байгуулалт

Спорт, спортын бүтээн байгуулалтыг хаана ч очсон сонирхож явдаг хүний хувьд Ши Ань хот дахь спортын бүтээн байгуулалттай богино хугацаанд танилцах боломж олдов. Энэ бол 60 мянган хүний суудалтай, цэцгийн дэлбээн дээвэртэй спорт цогцолбор юм.  Уг Цэнгэлдэх хүрээлэн 200 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг гэнэ. Зүлгийг нь өөрсдөө тарьж ургуулсан бөгөөд өвөлдөө өвсөө хучдаг байна. Тус спорт цогцолборт сагсан бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт гэх мэт бүх төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Усан сэлэлтийн ордон л гэхэд 5000 орчим хүний суудалтай.


2020 онд ашиглалтад орсон тус Цэнгэлдэх хүрээлэнд 2021 онд Бүх хятадын спорт наадмыг анх удаа зохион байгуулжээ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадамд Хятадын өнцөг булан бүрээс шилдгүүд хуран цугладаг томоохон тэмцээн юм. Хятад улс спортын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл бүтээн байгуулалтаараа ч дэлхийд тэргүүлэгчдийн нэг болж байгаагийн нэг жишээ нь гэж хэлж болох болов уу. Саун, душ, ариун цэврийн байгууламж, техникийн өрөө гэх мэтээр бүгдийг орчин үед нийцүүлэн барьсан нь аргагүй Цэнгэлдэх хүрээлэнг шинэ цагийн бүтээн байгуулалт гэдгийг таниулж байв. Ашиглалтад орсон цагаасаа хойш хүлээн авсан хамгийн том тэмцээн нь Бүх Хятадын спортын наадам. Алсдаа Азийн наадмыг хотдоо хүлээн авах битүүхэн амбицтай байдаг аж.

Монголд маань орчин үеийн жишигт нийцсэн, ядаж л 10 мянган хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн барих өдөр тийм ч холгүй гэсэн итгэлтэйгээр Цэнгэлдэх хүрээлэнг тойрч явлаа.


Ши Ань хот нь түүх, соёлын эртний баялаг өвтэй, эдүгээ цагт Хятадын соёлын төлөөлөл болж буй үзэсгэлэнт хотын нэг юм. Автомашины өргөн зам, гүүрэн гарц. Ихэнх иргэн нь дугуй, жижиг мотоцикл унадаг. Энэ хотын түгжрэлийг шийдэх гол гарц нь гүүр, замын бүтээн байгуулалт аж. Тэдгээрийн нь хөгжил Хятадын 24 том хотын нэг болоход онцгой нөлөө үзүүлсэн байна. Фото зургийг хүргэе. 





































Холбоотой мэдээ