Маршаллын арлуудын гаргасан нэхэмжлэлийг НҮБ-ын шүүх буцаалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /BBC/. Цөмийн зэвсэг дэлгэрүүлэх явдлыг таслан зогсоогоогүй гэх үндэслэлээр Их Британи болон бусад улсуудын эсрэг гаргасан Маршаллын арлууд улсын нэхэмжлэлийг НҮБ-ын Олон улсын шүүх буцаалаа.
Экологийг сүйрэлд хүргэж буй Америкийн цөмийн туршилт Бикини шүрэн аралд болсны дараа Маршаллын арлууд улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хөдөлгөөнд идэвхтэй оролцох болсон юм.
Маршалын арлууд 1968 онд баталсан цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хүрээнд Их Британи, Энэтхэг, Пакистан зэрэг улсуудыг өөрсдийн үүргийг биелүүлээгүй гэж буруутгаж байгаа ажээ.
Харин Олон улсын шүүхээс хэрэг үүсгэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Маршаллын арлууд нь уг нэхэмжлэлээр дамжуулан цөмийн зэвсэгтэй гүрнүүдийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой байгаа юм.
Номхон далайн өмнөд хэсэгт орших энэ жижиг улс эхэндээ дээрх гэрээнд гарын үсэг зурсан Их Британи, АНУ, Орос, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израиль, Умард Солонгос гэсэн 9 улсын эсрэг зарга үүсгэсэн ажээ. Гэвч Гаагад төвтэй Олон улсын шүүхийн эрх мэдлийн хүрээнд уг дээрх нэхэмжлэл зөвхөн Их Британи, Энэтхэг болон Пакистан гэсэн гурван улсад хамаарч байсан юм.
1996 онд Олон улсын шүүхээс зөвлөмжийн шинжтэй санал гаргаж, түүндээ цөмийн зэвсгийг хэрэглэх, хэрэглэхээр сүрдүүлэх нь дайны хууль болон хүмүүнлэгийн тухай хуулийг зөрчсөн хэрэг мөн гэжээ.
Х.Сарнай